Түүнийг анх харахад л их эелдэг, нээлттэй хүн гэдэг нь мэдрэгдэнэ. “Та нар мөн үү?” гээд хөөрхөн инээмсэглэсээр орж ирэхэд нь ямартай ч уулзалт нөхөрсөг уур амьсгалтай, биенээсээ ичиж зовохооргүй өрнөх нь ойлгомжтой болоод ирэв.
Үнэндээ энэ ярилцлага огт төлөвлөгдөөгүй байсан бөгөөд Гоолингоо багийн өглөөний уулзалт дээр түүнийг зочноор ирж Хенна хэрхэн зурах тухай зааж өгнө гэдгийг л мэдэж байсан юм. Харин яриаг нь сонсох тусам үнэхээр дуртай, хайртай зүйлээ хийж яваа мөрөөдлөөрөө амьдардаг бүсгүй болохыг нь мэдсэн юм даа. Тэр яриагаа ингэж эхлүүлсэн:
Би мөрөөдлөө ингэж олсон...
Би багын л гар урлалд их сонирхолтой байсан. Бага байхад ЦОХ, Сурагч гээд сонингууд гардаг байсан даа? Тэдгээрийн “Дагаад хийгээрэй” гээд булангуудын бүх нийтлэлийг нь алгасалгүй заавал хийдэг байсан. Дараа нь Оригамид дуртай болж од, цаасан шувуу гэх мэтийг зөндөө ихээр нь хийдэг болсон. Ингээд хийгээд байхаар аливааг гоё юм аа гэж харахаас илүү энийг яаж хийсэн юм бол гэдэг талаас нь боддог болчихдог юм байна лээ. Тэгээд арван жилийн сургуулиа төгсөөд компьютер, эдийн засгийн мэргэжлүүдээр сурсан. Энэтхэгт Компьютерийн чиглэлээр сурч байхдаа анх Хеннаны тухай ойлголттой болж, хэрхэн хийхийг нь сурч авсан. Тэгээд Монголдоо ирж эдийн засгийн мэргэжлээрээ ажиллаж байхдаа амралтын өдрүүдээр хеннагаа зурж эхлэсэн. Ингэж явсаар нэг л өдөр ажлаасаа гарч хеннагаа чөлөөт цагаараа биш байнга хийдэг, гол ажлаа болгосон доо.
Ер нь миний бодлоор хүн чөлөөт цагаа юунд зарцуулж байна, стрессээ хэрхэн тайлж байна гэдгээ сайн ажиглах хэрэгтэй юм шиг санагддаг. Тэр зүйлсээ сонирхогчийн төвшинд л байлгаад байлгүй мэргэжлийн төвшинд техникийг нь сураад үзвэл ирээдүйдээ өөрийнхөө ажил болгож, хоолоо олж идэх зүйл маань болж чадах уу гэдгийг мэддэг юм билээ. Сонирхдог, хийх дуртай зүйлгүй хүн гэж хаа ч байхгүй шүү дээ.
Хийж байгаа зүйлээ илүү сайн, төгс байлгахыг би хичээдэг.
Хенна бол Энэтхэгийн нэг ургамал л даа. Тэр ургамлыг хатааж нунтаглаад янз бүрийн тостой хольж зуураад будаг маань бэлэн болдог юм. Орц найрлагаасаа хамаараад хэрэглэх газар нь ч өөр байдаг. Миний хийдэг хенна бол жирэмсэн, хөхүүл эхчүүдэд хоргүй, цэвэр байгалийнх. Нэг зурчихсан байхад 7-14 хоног тэрнээс ч удаан арилахгүй байх боломжтой. Арилах хугацаа нь ерөнхийдөө ус хэр их хүргэж байгаагаас шалтгаалдаг юм.
Хенна будгаа би өөрөө зуурж хийдэг. Гаднаас хенна аваад зурж болох л байсан л даа. Гэхдээ хенна шинээрээ байх тусмаа илүү гоё гардаг бас найдвартай байх нь дээр гэж бодоод өөрөө зуурахаар шийдсэн. Дээрээс нь би хийж байгаа зүйлээ ямар нэг алдаа мадаггүй, төгс байлгамаар байдаг нь ч үүнд нөлөөлсөн. Түүхий эдийн хувьд хенна ургамал, лавандагийн тос гээд бүгдийг нь гаднаас захиж авчруулдаг. Зуурах үйл явц маань бас их тэвчээр шаардах ба багадаа л 24 цаг зарцуулагдана. Савласан уутаа ч нэг нэгээр нь гараараа ороож хийдэг болохоор гар ажиллагаа ихтэй. Ингээд бодвол хэцүү нь хэцүү л дээ. Гэхдээ охидууд маань их хөөрхөн, байнга л надаар зуруулсан хеннагаа зургийг нь авч тавин, баярлалаа гэх маягаар эргэх холбоо сайтай байдаг болохоор маш их урам авч, ядарсан ч ядраагүй мэт байж чаддаг шүү.
Саад бэрхшээлийг саад бэрхшээл гэж хардаггүй.
Хэцүү нь гэвэл эхлээд хоббигоороо хенна зурдаг байхад хүмүүс намайг олж ирдэг байсан. Харин өдөр тутамдаа өөрийнхөө ажил болгож хийж эхлэсний дараа би өөрөө үйлчлүүлэгчдээ олох хэрэгтэй болсон. Бас намайг анх зурж эхэлж байхад Хеннаны тухай ойлголт охид бүсгүйчүүдийн маань дунд бага байсан л даа. Зарим нь огт мэдэхгүй, шивээс юм уу, өвддөг үү гэх мэтчилэн асууна. Харин одоо Хенна гэхээр бараг бүгд мэддэг болчихсон. Ингэж ойлгох хүртэл нь бүсгүйчүүддээ байнга мэдээлэл өгч байх хэрэгтэй болсон ба үүний тулд судалгаа хийж, мэдээлэл цуглуулах шаардлага их гарсан даа. Бас сошиал медиагаар хүмүүст үйлчилгээгээ хүргэдэг байсан болохоор групп, хуудас ажиллуулж үзээгүй хүнд мэдэхгүй, андуурах тохиолдол их байсан шүү. (инээв)
Харин гэр бүлийн хувьд би шууд нэг өдөр эдийн засагчаа болилоо Хенна зурлаа гээгүй болохоор эсэргүүцэл, зөрчил бараг гараагүй. Эхлээд хоббигоороо амралтын өдрүүдэд зурдаг байсан бол яваандаа ээлжийн амралтаараа хийдэг болох гэх маягаар аажмаар ууссан болохоор дасчихсан л даа.
Анх хеннагаа хоббигоороо зурдаг байхад бөөгнүүлж байгаад л таньдаг кофе шоп, караоке гээд сууж болох газартаа очоод л зурчихдаг байсан. Нуруу, цээжин дээрээ зуруулахыг хүссэн охид байсан ч тэд маань тухгүй байна, муухай байна гэж надад нэг ч удаа хэлж, уурлаж байгаагүй. Энэнд нь би үнэхээр их баярладаг. Хэрвээ тэр үед уурлаж дургүйлхсэн бол одоо би эдийн засагчаа хийгээд л явж байхыг үгүйсгэхгүй. Тиймээс анхны үйлчлүүлэгч охидууддаа би үнэхээр баярлалаа гэж хэлмээр байдаг шүү. Тэд надад их урам өгсөн.
Миний туйлын мөрөөдөл бол.
Би бага байхдаа эмч болно гэж мөрөөддөг байсан. Том болох тусмаа эмч болох нь миний туйлын мөрөөдөл биш зүгээр л надад гоё харагддаг байсан юм байна гэдгийг ойлгосон. Миний бодлоор хүний жинхэнэ мөрөөдөл өсвөр нас ялангуяа 7,8-аар ангиас хойш л илэрч мэдэгддэг юм байна лээ.
Хенна бол миний мөрөөдлийн нэг хэсэг. Тэгэхээр би ямартай ч мөрөөдлөө биелүүлээд амьдарч байна. Миний туйлын мөрөөдөл бол гар урлалын чиглэлээр том танхимтай болох. Тэнд хүн бүр хүссэн зүйлсээ туршиж, хийж үзэж болдог. Керамик, хенна, тавилга, гоёл чимэглэл, хувцас гээд өөрийн гараар хийж болох олон зүйлсийг тэндээс сураад хийж үзээд явдаг тийм гоё газар. Цааш цаашдаа сургуультай ч болно гэж боддог шүү. Харин ойрын зорилго маань шивээс хийж сурах байгаа.
Мөрөөдлөөрөө амьдарч байхдаа би...
...Бэрхшээлийг яаж давдаг вэ?
Асуудал бол бэрхшээл мэт санагддаггүй. Хэрвээ мэдэхгүй, чадахгүйн үүднээс үүссэн асуудал гарвал интернэтээр хэрэгтэй мэдээллээ хэдэн хоногоор ч хамаагүй хайгаад суучихна. Аль болох “монголчилохыг” бодно доо. Үнэхээр чадахгүй байгаа бол хэсэг хугацаанд тэр асуудлаасаа хол байна. Эргээд нөгөөхөө бариад авахад аргаа олчихдог.
...Шантрах, мохох үедээ өөртөө яаж урам зориг өгдөг вэ?
Би их шартай юм шиг байгаа юм. Өөрийгөө хурцална. “Хүн чадаад байхад би яагаад чаддаггүй юм. Юугаараа дутуу юм?” гэж өөртөө их хэлдэг. Хүн чадаж л байвал би ч гэсэн чадах ёстой гэж боддог. Ер нь ямар ч ажлыг төлөвлөхдөө гарч болох эрсдэл, саадыг давхар тооцоолдог. Ингэснээр өөрийгөө замын голоос буцаахгүй шүү дээ.
...Ямар зарчим баримталдаг вэ?
Бүх зүйл дээр өөриймсөг, шударга хандахыг хичээдэг. Сэтгэлээсээ хийсэн, хэлсэн бүхэн хүнд үнэ цэнэтэй байдаг. Сэтгэл чинь дутаад байвал битгий хий. Хүсэж хийгээгүй болгон төгс болдоггүй шүү дээ.
...Ямар зуршлыг хэвшүүлсэн бэ?
Сар бүрийн сүүлийн өдөрт өнгөрсөн сарынхаа сайн, мууг дүгнэдэг. Ирэх сардаа юу хийх, ажлын төлөвлөгөөгөө гаргадаг. Цагийг хий дэмий өнгөрөөхүй, төлөвлөгөөтэй байвал ихийг амжуулна.
Түүнтэй холбогдохыг хүсвэл Mongolian Henna Lovers фэйсбүүк хуудас болон @mongolian_hennalovers инстаграм хаягаар холбогдоорой.
Жич: “Би мөрөөдлөөрөө амьдардаг” булан нь өөрийн гэсэн өвөрмөц хүсэл мөрөөдөлтэй, түүндээ хүрэхээр тэмүүлж яваа бүх Гоолингоочуудад зориулагдсан. Сард 1-2 удаа нийтлэгдэх энэ булангийн зочноор бид чин зүрхний мөрөөдлөө олоод, түүнийгээ үйлдэл, ажил хэрэг болгон өдөр тутмынхаа амьдралын хэв маягт шингээж яваа бүсгүйчүүдийг зочноор урин оролцуулах болно. Тэдний түүх, ирээдүйн алсын харааны талаар уншингаа өөрийнхөө мөрөөдлийг асааж, урамшуулж, түүгээрээ амьдрахад хэрэгтэй төрөл бүрийн бодит зөвлөмжүүдийг нь шүүн хэрэгжүүлээрэй. Магадгүй чи ч бас бидний дараагийн зочин байж мэдэх юм.
Сэтгэгдэл (21) | Хэвлэх | Үзсэн тоо: 23670 | | | |
Өмнөх мэдээлэл Гүзээлзгэнээр хийж болох “хөөрхөн” амттанууд |
Дараах мэдээлэл Энэ оны хамгийн халуухан 7 кино |
Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.
Hoorhi obchte ym bilu huniig yh gj enhj heldg bn