ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Мөрөөдлийн гэр бүлээс өмнө мөрөөдлийн БИ –гээ цогцлоох нь

Гэр бүл  | 2016 / 05 / 12

“...эхнийх нь хүү байх болно. Учир нь айлын том охин би багаасаа л ахтай байхыг хүсдэг байсан. Тиймдээ ч охиноо ахтай өсгөнө гэж боддог. Мэдээж энэ хүссэнээр болчих амархан зүйл биш гэдгийг мэдэж байгаа ч хүссээр л байна гэж шийдсэн юм. Харин нөхөр маань гэр бүлдээ халамжтай, гайхалтай чадварлаг залуу байх учиртай. Хамгийн гол нь надаас илүү ухаалаг, сайхан сэтгэлтэй, чадалтай нэгэн байх ба би түүнийгээ хайрлахаас гадна дээдлэн хүндэтгэнэ гэж боддог. Бас би олон хүүхэдтэй болохыг хүсдэг. Ямар ч байсан 4- өөс дээш.”

Мөрөөдлийн гэр бүлээс өмнө мөрөөдлийн БИ –гээ цогцлоох нь

“Өглөө бүр эртлэн босч, хайруудынхаа цай хоолыг нь бэлдэж өгч, ажил албанд нь явуулчихаад нялхыгаа авч салхинд алхалж байгаад, гэртээ орж ирж жаахан хоол өгчихөөд эргээд унтана. Өдөр тийшээ босч гэрээ цэмцийлгэчихээд өөрийнхөө ажлыг амжуулна. Ингэж байтал агаа, аниа нар нь сургуулиасаа ирж шуугилдацгаана. Нялхыгаа босохоор нь авч гараад дэлгүүр хоршоо орж хэрэгтэй зүйлс сонирхоно. Энэ хооронд сургуулийн агаа нар нь цэцэрлэгийн багачуулаа авна. Ингэж тэгсээр хүүхдүүдтэйгээ цуг байрныхаа урд ирэхэд нөхөр маань ч ирж таараад хамтдаа тэврэлдэн гэртээ орцгооно. Ажлаасаа ирсэн нөхрөө хувцсаа солих хооронд би нүд ирмэхийн зуур л нээх гоё хоол хийгээд бэлэн болгочихно. Ингээд бөөнөөрөө ширээнд суун хооллоод, дараа нь хөөрөлдөж, тоглож байгаад амарна даа.”

Ийм л энгийн аз жаргалыг би хүсдэг. Энэ бол миний мөрөөдлийн гэр бүл. Гэхдээ энгийн гэдэг нь хялбар гэсэн үг биш гэдгийг мэднэ ээ. Мөрөөдлийн гэр бүл ч бас нөхрөө олоод, хүүхдээ гаргачихвал өөрөө аяндаа цогцолчих зүйл биш. Мөрөөдөл бол амьдралын хэв маяг учраас одооноос л ганц бие бүсгүй би мөрөөдлийнхөө амьдралд өөрийгөө бэлдэж эхлээд байгаа:

- Хүн бүрээс эртлэн босч сайхан цай унд бэлдээд тэднийгээ сэрээхдээ “Миний хайрууд аа, өглөөний цайгаа уугаарай” гэж цойлгон дуугаар хэлнэ хэмээн мөрөөддөг хэрнээ би өөрөө одооных шигээ өглөө бүр унтаад ажлаасаа хоцордог, өглөөнийхөө цайг уулгүй яаруу сандруу гардаг хэвээрээ байж болохгүй. Өглөөнийхөө цайг байнга уудаг зуршил надад л байхгүй бол гэр бүлийнхэнд минь тогтох нь юу л бол...
- Олон хүүхэдтэй болно гэж боддог хэрнээ би одоо хамаагүй завтай байгаа үедээ ч өдөр тутмын амьдралаасаа илүү гарч чаддаггүй, хэд хэдэн зүйл зэрэг зохицуулах чадалгүй, хүсэлгүй байвал олон хүүхэд төрүүлсэн хойноо үүнд суралцаж “амжих” болов уу?
- Хүндэлж хайрламаар гайхалтай залуугийн эхнэр болохыг хүсдэг хэрнээ тийм залуугийн хэрд тэнцэхгүй, ахархан бодолтой, боловсрол, мэдлэг нимгэн болоод чин сэтгэлгүй байж болохгүй.
- Эвтэй найртай, бие биеэ ойлгодог гэр бүлийг үлгэрлэнэ гэж хүсдэг хэрнээ ажил дээрх асуудал, стрессээ тэнд нь үлдээж чадалгүй гэртээ аваад ирдэг бол магадгүй энэ мөрөөдөл минь ч бас үлгэр болно.
- Хүүхдүүдээ ээж аавдаа худлаа ярьдаггүй, ухаантай хүмүүс болгож хүмүүжүүлнэ гэсэн хэрнээ би өөрөө хариуцлага хүлээх чадваргүй, буруугаа бусдад тохдог байж бас л болохгүй. Тэд чинь сонсож биш харж хүмүүждэг улс шүү дээ.
- Ирээдүйн нөхрөө намайг хайрын дээдээр хайрлаж, алган дээрээ бөмбөрүүлээсэй гэж хүсдэг хэрнээ би өөрөө бусдыг чин үнэнээсээ хайрлаж, халамжлан, өөрөөсөө илүүд тавихад суралцаагүй бол энэ хүсэл минь ч биелэхэд хэцүү.
- Хүүхдүүддээ үргэлж зав гарган, үлгэр ярьж өгдөг байхыг хүсдэг мөртлөө одоо өөрөө өөртөө ч үсээ засуулах зав гаргаж чадахгүй байгаа бол тэр мөрөөдөл маань ч талаар болох биз ээ.

Мөрөөдлийн гэр бүлээ бүтээхийн тулд би өөрөө эхлээд мөрөөдлийнхөө эмэгтэй болох буюу өөрийн төсөөлдөг хэв маягаараа одооноос амьдарч, дадал болгоход суралцах хэрэгтэй юм байна.

Үүнийг уншин суугаа ганц бие бүсгүй чи ч бас цаасан дээр “Миний мөрөөдлийн гэр бүл” гэсэн гарчиг тавиад эхэлвэл уртаа юм бичих байх даа? Тэгвэл найз минь чиний мөрөөдлийн гэр бүлийнхээ тухай төсөөлөх ээлж ирлээ. Дэндүү ерөнхий санагдаад, бүр нарийвчлахыг хүсвэл яг одоо нүдээ аниад, өөрийнхөө оршуулгыг төсөөлөөрэй (муу ёрлолоо гэж бодуузай!). Тэгээд тэнд нөхөр хүүхдүүд чинь чамайг дурсан үг хэлж байгаагаар ургуулан бод. Тэд чамайг ямраар дурсаасай гэж чи хүсэж байна? Чиний талаар бодоход зүрх сэтгэлд нь юу буугаасай гэж мөрөөдөж байна? Үүнээс л чиний мөрөөдлийн гэр бүл гишүүн бүрт чиглэсэн, нарийвчилсан байдлаар харагдана.

Нөхөр чинь “Миний хайрт эхнэр бол хамгийн ухаалаг, халуун дулаан, намайг үргэлж дэмждэг гайхалтай эмэгтэй байсан. Миний одоогийн бий болгосон бүхэн түүний минь л хүч. Хэн ч түүнийг орлож чадахгүй.” гэж чамайг дурсаасай гэж хүсэж байна уу? Тэгвэл чи өөрөө хүнд түшиг болж, дэргэдээс нь дэмжиж, хажуунаас нь халамжилж чаддаг, өөрийн гэсэн бодолтой бүсгүй хүн байж гэмээнэ л түүнд ингэж дурсагдаж чадна.

Эрийн цээнд хүрсэн хүү чинь“Ээжийгээ харах бүрт би амьдралыг хайрладаг байсан. Үргэлж инээмсэглэж, хүн бүртэй эелдэг харьцахыг хичээдэг байсан ээж минь сайхан сэтгэл, эерэг энергээ хэзээ ч алдаж байгаагүй. Ээжийнхээ ачаар л би уужуу дотортой, өөдрөг байхад суралцсан . Бас жинхэнэ үзэсгэлэн гоо гэж юу байдгийг, эмэгтэй хүн ямар хүчтэйг надад харуулсан”хэмээн хэлээсэй гэж хүсэн сууна уу? Үүний тулд чи яг л түүний хэлснээр өөдрөг, уужуу сэтгэлтэй, үргэлж үнэнээсээ инээмсэглэдэг, сайхан сэтгэлтэй нэгэн байх хэрэгтэй. Ямар ээж байхыг мөрөөддөгөө одооноос эхлэн хормын төдийд ч мартаж болохгүй.

Мөрөөдөхийг хүн болгон л чадна. Гэхдээ үүнийгээ амьдралын хэв маяг болгохгүй бол, өөдөө уруу урсгал дунд өгсөж бууж явсаар нэг л мэдэхэд “Би ийм ээж, ийм эхнэр байхыг хүсээгүй шүү дээ” хэмээн өөртөө гэмшин суух өдөр ирж мэднэ. Одоо чи ганц бие байгаа ч нэг л өдөр ханьтайгаа учирч, нэг л мэдэхэд хэвлийдээ үрээ тээсэн байх болно. Энэ бол жамаараа, бас бодсоноос чинь ч хурдан өрнөдөг зүйл. Гэрлэлтэнд яарахаасаа өмнө, мөрөөдлийн гэр бүлээ бүтээх чадамжтай эмэгтэй болоорой. Үүнээс гадна аз жаргалтай гэр бүлийн амьдралыг бүтээхийн тулд бүсгүйчүүд бидэнд ямар ямар нийтлэг зан чанар хэрэгтэй вэ?

1. Бүхнийг өөрийнхөө санаанд нийцүүлэх гэж хичээхээ болих – Гэр бүл нь хамтын амьдрал, хамтын шийдэл, хамтын зорилго юм.
2. Хүнээс юм хүлээж, нэхэж суухаа болиод оронд нь өөрөө өгдөг болох – Өөрөө өөрийгөө аз жаргалтай байлгаж чаддаг байх хэрэгтэй. Хүн бүр, тэр ч байтугай хайртай гэр бүлийнхэн чинь ч гэсэн завгүй байх үе зөндөө шүү дээ. Хорвоо дэлхий зөвхөн чамайг тойрч эргэдэггүй гэдгийг ойлгож, бусдаас хэт их анхаарал шаарддаг зангаа дарж сураарай.
3. Хүнийг уучилж сурах – “Уучилна гэдэг мартахын нэр биш. Харин тухайн зүйлийг нөгөө хүнийхээ эсрэг ахин ашиглахгүй байхыг хэлнэ.” – Сэтгэл зүйн ухааны доктор Г.Наранбаатар
4. Маргалдах үедээ сэтгэл хөдлөлдөө авталгүй асуудлыг зөв шийдэж чаддаг болох – Асуудал байвал бие биенийхээ дээр гарч ялахын тулд биш тэр асуудлыг шийдэхийн төлөө “маргалддаг” байгаарай.
5. Гадаад орчны стрессээ өөр хүнд гаргахаа болих, стрессээ зохицуулж сурах – Хэн нэгэн өөр хүнд уурласан уураа чамд гаргах ямар муухай байдгийг мэдэж байгаа биз дээ? Бусдад ч бас тийм мэдрэмж төрүүлэх хэрэггүй.
6. Өөрөөсөө эхэлж бурууг хайдаг болох - Гэр бүлд чи, би гэж үгүй, харин бид л гэж байгаа. Гэр бүл бол нэгэн баг. Багт асуудал гарвал бурууг бусдад чихэх биш дор бүрнээ өөр өөрсдөөсөө хайж, ухамсарлаж байвал тэр сайн баг байж чадна.
7. Хэлэх үгээ цэгнэж, сайн сайхныг л ярьдаг байх – Хайртай хүмүүс чинь чамайг харж бас сонсож байгаа. Тэдэндээ муу үлгэр, муу нөлөө битгий үзүүл.
8. Өөдрөг үзэлтэй байх – Бүх зүйлийн асуудалтай талыг нь л олж хараад байвал бид тамд амьдарч байгаагаас өөрцгүй. Харин эерэг талыг нь л хардаг байвал диваажинд амьдарч байгаагаа чи мэдэх болно.
9. Тэвчээртэй байж сурах – Чамд тэвчээд өнгөрүүлэх хэрэгтэй зүйлс маш их, бүр маш ихээр гарах болно. Аливаад итгэл найдвараа алддаггүй хүн л хүлээцтэй хандаж чаддаг биз дээ?
10. Үргэлж чин сэтгэлээсээ инээмсэглэдэг байх – Ээжийгээ, эхнэрээ инээмсэглэж байгааг харах тэдэнд хэчнээн сайхан байх бол? Чамайг тэд улам аз жаргалтай болгохоор хичээх болно.
11. Өөрийн гэсэн амьдралын зарчимтай, түүндээ үнэнч байх – Үр хүүхэддээ сургамжилж, эр нөхөртэйгөө хэлэлцэхэд, үүнээс ч илүү хамгийн зөвөөрөө амьдрахад чинь чамд гажиж муруйдаггүй жанжин шугам хэрэгтэй. Үүнийг чи өөрөө өөртөө л бий болгож, дагаж мөрдөх юм.
12. Өөрийгөө хайрладаг, бусдыг ч хариу нэхэлгүй хайрлаж чаддаг байх – Хайр байгаа газарт аз жаргал байсаар байдаг.
13. Өөрийгөө болон хайртай хүмүүсээ байгаагаар нь хүлээн авч чаддаг байх –Чи төгс залуутай учрах болно. Гэхдээ л тэр алдаа дутагдалтай. Үүнийг нь чи анх уулзмагцаа таньж мэдэхгүй. Өдөр бүр л нэг дутагдал нүдэнд чинь шинээр өртөж мэднэ. Энэ үед ч чи сэтгэлээ хувиргалгүй, анхлан олж харсан сайхан чанаруудаа сэргээн санадаг байвал болох нь тэр. Тэр ч бас чамаас хангалттай их дутагдал олж чадна шүү дээ.

Хамгийн дотны хүмүүстээ бид хамаагүй хандчих нь бий. Дээрх бүгд үнэхээр энгийн юм шиг санагдавч, олон эмэгтэйчүүд үүнд баттай суралцалгүйгээр гэрлэснээс болоод байгаагүй асуудал бий болж, байсан аз жаргал алга болж эхэлдэг юм шүү.

Одоо мөрөөдлийн гэр бүлээ бүтээхэд чамд ямар ямар зан чанар дутуу юм шиг байна?

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(237)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Ариука.   2016-05-13
үнэхээр сайхан зөвлөгөө байна, баярлалаа Гоолингоо

Зочин: Tumee.   2016-05-13
баярлалаа гоолингоо, үнэхээр хэрэгтэй зөвлөгөө байна. Эдгээр зан чанаруудаас надад байхаас байхгүй нь их байхад би гэдэг хүн гэрлэлтэнд яараад бодоод шаналаад явж болохгүй юм байна

Зочин: KAILAS.   2016-05-12
Хөөх энийг яг аавдаа уншуулмаар нийтлэл бнадаа. Өөрөө бүгдийг нь эсэргээрээ хийдэг хэрнээ гэрийнхнээсээ хэт их зүйл шаарддаг муухай зантай.

Зочин: Guest.   2016-05-12
- Олон хүүхэдтэй болно гэж боддог хэрнээ би одоо хамаагүй завтай байгаа үедээ ч өдөр тутмын амьдралаасаа илүү гарч чаддаггүй, хэд хэдэн зүйл зэрэг зохицуулах чадалгүй, хүсэлгүй байвал олон хүүхэд төрүүлсэн хойноо үүнд суралцаж “амжих” болов уу?

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com