ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Сурах юм их бий: Амжилттай яваа хүмүүсийн төлөвлөдөг аргууд

Одууд  | 2016 / 05 / 17

Виктория Бэкхем, Шерил Сандберг, Стив Жобс, Марк Зукерберг - Тэд хэчнээн алдартай бас баян талаар бичих нь илүүц зүйл болох биз. Гэхдээ тэднийг яаж ийм амжилттай яваа талаар нь бас яаж ажил, амьдрал, карьер зэргийг зохицуулж өөрийгөө дэлхий дахинд батлан харуулж чадаад байгаа талаар нь ярихгүй өнгөрч үнэхээр боломгүй. Ялангуяа хүн бүрт адил тэгш оногддог хоногийн хорин дөрвөн цагийг тэд хэрхэн төлөвлөж ийм үр дүнтэй өнгөрөөж чаддаг юм бол?

Сурах юм их бий: Амжилттай яваа хүмүүсийн төлөвлөдөг аргууд
1. Роберт Айгер
“Walt Disney” компаний гүйцэтгэх захирал Роберт Айгер маш эртэч хүн. Түүний хамаг ажлыг амжуулж “өгдөг” ганц арга нь өглөө маш эрт босох.
Тэрээр өглөө маш эрт босдог учраас үүрээр төлөвлөгөөгөө бүр нарийн дэс дараалалтайгаар төсөөлөн гаргаж чаддаг байна. Хамгийн гол нь эхлээд бүх зүйлийг томоор буюу багцалж харж сурах гэнэ. Харин дараа нь ерөнхий харсан санаагаа бага багаар нарийн дараалалтайгаар үйлдэл бүрээр нь тэмдэглэдэг. Мөн түүний төлөвлөгөөнд уулзалт, хуралд зарцуулах цагийн хэмжээ маш бага байдаг ба хүмүүстэй аль болох цөөн үгээр тодорхой ойлголцох гэсэн уриатай ажилладаг.
Чиний сурах зүйл: Бүхлээр харж төлөвлөх – Бүхэлд нь тооцоолж, төсөөлөлдөө буулгасны дараа бүхлээс нэгжрүү задаргаа хийн төлөвлөгөөгөө гарга.
2. Жэк Дорси
Твиттер болон Скүэрийн хамтран үүсгэн байгуулагч тэрээр аливаа ажлын эцсийг нь үзэхийг гол зорилгоо болгож ажилладаг.
Түүний ажиллах үйл явцдаа баримталдаг зарчим бол эхэлсэн зүйлээ заавал дуусгаж, эцсийг нь үзэх гэнэ. Мөн түүний ярилцлагуудад анзаарагдсан нэг зүйл нь тэр бүх зүйлд бэлтгэлтэй байх талаар зөвлөсөн байдаг. Бүх зүйл өөрийн гэсэн эрсдэлтэй. Төлөвлөгөөнд ч мөн адил эрсдэл гарахыг үгүйсгэхгүй. Хамгийн гол нь тэр эрсдлийг даван гараад эцсийг нь үзэх л хамгийн чухал чадвар байдаг аж. Тиймээс бүх зүйлд бэлтгэлтэй бай. Чиний төлөвлөгөөг нураахаар гарч ирэх мянган ажлыг хийх гэж зүтгэлгүй чамд яг одоо юу илүү чухал талаар бодоод үз! Саад гарч ирэх тоолонд тугаа буулгаж, ялагдлаа зарлаад төлөвлөгөөгөө орхиод байх юм бол чи хэзээ ч өөрийнхөө хүсэж байгаа шиг хүчтэй нэгэн байж чадахгүй гэж тэрээр нэгэн ярилцлагадаа дурдсан байна.
Чиний сурах зүйл: Эрсдлийг ч тооцоолж төлөвлөх –Бүх төлөвлөгөөнд эрсдэл тулгарна. Төлөвлөхөөсөө өмнө саад гарч ирвэл хэрхэх тал дээр тооцоотой бай!
3. Ричард Брэнсон
“Virgin” группыг үндэслэгч Ричард Брэнсон маш шаргуу ажилладаг нэгэн ба тэрээр өөрийг нь хөгжилтэй, жаргалтай болгох ажлыг л төлөвлөгөөндөө оруулдаг.
16 астайдаа сурлагын хоцрогдлын улмаас тэрээр сургуулиасаа хасагдаж байсан юм. Хичээлийн эрхлэгч нь түүнийг “Чи нэг бол шоронд орно, эсвэл үлгэрт гардаг шиг юм болж баяжих биз” хэмээн хэлж байж. Тийм шүү, тэр үнэхээр үлгэрт гардаг шиг л баян болсон. Түүний нууц нь шаргуу хөдөлмөрлөхийн хажуугаар өөрийнхөө дуртай зүйлийг зоригтой хийж чаддагт оршдог. Тэрээр хэлэхдээ “Би өөрөө хийж чадахгүй зүйлээ хэн нэгэн итгэлтэй туслахдаа даатгадаг эсвэл тэр ажлыг хийж чадах шилдэгт нь өгдөг. Харин би өөрөө гагцхүү өөрийнхөө хийж чадах ажлыг л төлөвлөгөөндөө оруулдаг. Хэрвээ яах аргагүй миний хийхийг хүсэхгүй байгаагаас үл хамааран би хийх ёстой бол хамгийн түрүүнд тэр ажлыг хөгжилтэй ямар аргаар төлөвлөж болох талаар боддог.” гэжээ. Тэгэхээр төлөвлөгөө гэдэг бол чамд оноогддог ял биш юм. Харин ч чиний нэг үнэ цэнэтэй өдрийг аз жаргалтай болгох арга барил юм шүү дээ!
Чиний сурах зүйл: Дурлаж төлөвлөх – Чи өөрийгөө жаргалтай болгохын тулд төлөвлөж байгаа. Тэгэхээр ямар хөгжилтэй аргаар энэ ажлыг хийж болох талаар төсөөлөн өөрийнхөө дуртай ажлуудаа л төлөвлөгөөндөө оруул.
4. Жек Ма
“Alibaba”-г үүсгэн байгуулагч Жек Магийн хэлсэн хамгийн “тод” үг бол багаас эхэлж том томор.
Түүнийг тэгээс бүхнийг эхлүүлсэн гэхэд бараг л буруудахгүй. Яаж энэ өндөрлөг хүртэл цуцашгүй явсан юм бол доо? гэж би их гайхдаг байлаа. Харин сүүлийн хэдэн сар түүний өгсөн ярилцлагуудаас хараад байхад тэр үнэхээр л өчүүхэн жижиг зүйлийг асар том болтол нь тууштай явж чаддаг хүн аж. Жишээ нь тэрээр амжилтанд хүрэхээсээ өмнө маш олон коллеж, гадны сургуулиудад өөрийнхөө хүсэлтийг явуулж байсан ч амжилт олоогүй. Мөн ажилд орохын тулд 30 гаруй газарт анкет бөглөсөн ч мөн л тэнцээгүй. Энэ их шаргуу тэмцэл түүнийг яах аргагүй тэмцэгч хүн гэдгийг нь харуулж байгаа юм. Тэгэхээр төлөвлөгөөний арга барилд ч түүний энэ тууштай арга барилыг ашиглаж болно. Аль болох маш энгийн бага зүйлээс төлөвлөж эхлээд сүүлдээ хэд дахин том ажлыг ч энэ төлөвлөгөөгөөрөө давж гардаг болох юм. Тэрээр “Хэрвээ чи хийж эхлэхгүй бол тэр зүйл чинь бүтэшгүй хэвээрээ байсаар байна. Хэрвээ чи хийж эхлэх юм бол чамд итгэл найдвар төрнө” гэж хэлсэн. Тэгэхээр хамгийн багаас нь амархан ажлаасаа эхэлж төлөвлө. Дараа нь илүү өөртөө итгэлтэйгээр бас урамтайгаар том төлөвлөгөөндөө давшин ор.
Чиний сурах зүйл: Багаас томруу төлөвлөх – Эхний төлөвлөгөөг гаргахад хэцүү санагдаж байгаа бол хамгийн амархан ажлаа тэмдэглэж бичээд түүнийгээ давж гарсны дараа өөртөө урам ав. Харин дараа нь том төлөвлөгөөгөө маш олон жижиг хэсэг болгон хуваагаад “to-do list” болгож бичээрэй. Ямар ч том зүйлийг олон жижиг нэгдлүүд л бий болгодог шүү дээ.
5. Стив Жобс
“Apple” компанийг орчин үеийн хамгийн хүндтэй брэнд болгож чадсан Стив Жобс “Өлсгөлөн амьдар, жолоогүй яв..!”
“Өөрт оногдсон амьдралын бяцхан хугацаагаа бусдын төлөө эсвэл чамд огт хэрэггүй зүйлийн төлөө бүү зар… Бусдын бодол санаагаар битгий яв.” Түүний өгсөн ярилцлага, нэвтрүүлэг, өнгөрсөн түүх, намтар ном гээд маш олон зүйлээс энэ өгүүлбэрийг олж уншина. Түүний хэлсэн алдартай үг байдгийг та нар мэднэ дээ! “Өнөөдөр чиний амьдралын сүүлчийн өдөр мэт амьдар!” Гэхдээ Стив Жобс өдөр бүрийг сүүлчийн өдөр мэт харж зүтгэдэг байсан ч төлөвлөгөө нь хэдэн арван жилийн дараах мэт алсын хараатай байжээ. Тэрээр тухайн цаг мөчид хийж байгаа зүйлээ хэдэн арван жилийн дараа ч өөрт нь хэрэг болно гэдэгт итгэлтэй байдаг байсан. Тиймээс тэр төлөвлөгөөндөө үргэлж шинэ зүйлийг оруулж тэр зүйлдээ тасралтгүй бага багаар чадварждаг байсан талаараа илтгэлдээ дурддаг. “Өлсгөлөн амьдар, жолоогүй яв” гэдэг үг нь төлөвлөгөөгөө биелүүлдэг нэг тактик нь байсан ба ямар нэг шинэ санаа олсон л бол түүнийгээ яг л өлсгөлөн араатан шиг отож, хойноос нь хамаг хүчээрээ зүтгэдэг байжээ.
Чиний сурах зүйл: Алсын хараатай, зорилготой төлөвлөх – Одоо төлөвлөж байгаа зүйлс ирээдүйд чамайг хэн болгох вэ? Гагцхүү өнөөдөрт зориулж төлөвлөх бус ирээдүйн өөрийнхөө хамгийн сайн хувилбарыг бүтээх зүйлсийг төлөвлөгөөндөө оруул.
6. Марк Зукерберг
“Facebook”-ийг үндэслэгч Марк Зукерберг “Go Big or Go Home”
Марк Зукербергийн бий болгосон Facebook-ийн төв оффис яг л олон хүүхэд бужигнасан айл шиг байдаг. Идэхэд бэлэн амттан, төрөл бүрийн ундаа, хүссэн хоол хүнсээр нь ажилчдаа оффис дээр нь хангадаг газар бол “Facebook” компани. Гадны хүний нүдээр бол үнэхээр ажилчдаа эрхлүүлж байгаа хэдий ч “Go Big or Go Home” гэсэн уриа дагаж мөрдүүлдэг нь ажлаа хийсэн шиг хий, үгүй бол гэртээ харь гэсэн хатуу шаардлагатай байдаг нэгэн. Мөн тэрээр дэлхий даяар өөрийн бүтэн жилийн төлөвлөгөөгөө танилцуулдаг ба хамгийн гайхалтай төлөвлөх арга барил бол эцсийн хугацаагаа үргэлж тодорхой байлгах гэдэгтэй санал нэг байдаг. Жишээ нь тэрээр өдөр бүрийн төлөвлөгөөгөө хэмжиж болохуйц, эргээд дүгнэж болохуйцаар үйлдэл бүрээр нь төлөвлөдөг ба өөртөө цаг ямагт тэр ажлыг дуусгах ёстой эцсийн хугацааг нь сануулж ажилладаг аж.
Чиний сурах зүйл: Эцсийн хугацааг заавал зоож төлөвлөх – Хэзээ, хэзээ бас дахин хэзээ? Чиний бүх төлөвлөгөө энэ асуултанд заавал хариулах ёстой. Хэддэх өдөр, хэдэн цагт, хэдэн минутанд ажил чинь дуусах ёстой вэ? Тэгээд тэр хугацаандаа заавал дуусга. Бүү хойш тавь. Үзээд алдах эсвэл оролдох бус хийсэн шиг хий.
7. Мишэль Обама
АНУ-ын тэргүүн хатагтай Мишэль Обама “Үр дүнгүй олон ажил хийдэг байхаас цөөн ажлыг чанартай хийхийг илүүд үздэг”
Мишэль цаг ямагт суралцаж, хөдөлмөрлөж ирсэн шаргуу бүсгүй төдийгүй халамжит гэргий, хайрт ээж, сайн гэрийн эзэгтэйн үүргээ ч орхигдуулдаггүй. Тэрээр нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Би үр дүнгүй олон ажил хийдэг байхаас илүү цөөн ажлыг чанартай хийхийг илүүд үздэг. Тиймээс өдрийн шахуу хуваариа аль болох танаж, нийлүүлж болохыг нь нийлүүлээд цөөн тоотой ажлууддаа л анхаарч төвлөрдөг дөө” гэсэн байсан юм. Тэгэхээр тэргүүн хатагтай Мишэль Обамагийн зарчим бол цөөн тооны ажлыг чанартай гүйцэтгэх аж.
Чиний сурах зүйл: Үр дүн гарахуйц зүйлийг төлөвлөх – Гарах үр дүнгийн талаар огтхон ч төсөөлж тооцоолоогүй хэрнээ төлөвлөгөө гаргаад л бичээд л суугаад байдаг бол чи сохроор төлөвлөгч болж хувирна. Олон ажил зэрэг төлөвлөчихөөд үр дүнд хүрэхгүй байдаг гол шалтгаан нь чанартай төлөвлөгөө гаргаагүйн буруу юм. Үр дүнг нь өөрөө тооцоолж, толгой дотроо төсөөлөн бодоод чанартай цөөн зүйлсийг л орой бүр маргаашдаа зориулж төлөвлөж бай.
8. Виктория Бэкхем
“Үзэсгэлэнтэй байхаа хэзээ ч бүү хойш тавь. Амьдралын төлөвлөгөөндөө ч үүнийгээ багтаа”
Тэрээр хүүхэд байхаасаа л загварын ертөнцөд дурладаг байсан ч гэлээ нэг л мэдэхэд дуучин гэдэг замаар явчихсан аж. Гэхдээ тэрээр дотоод хүнийхээ төлөвлөгөөнөөс огтхон ч гажаагүй. Дуучин, брэнд үүсгэн байгуулагч, удирдагч загвар зохион бүтээгч, сайн гэрийн эзэгтэй, ээж, сайхан эмэгтэй байх гээд түүний гараас гарч дуусахгүй их ажил өглөө болгон өмнө нь нүүр тулан ирдэг талаар тэр хэд хэдэн ярилцлагатаа дурджээ. Хэрхэн энэ бүхнээ давдаг вэ гэсэн асуултанд “Сайхан төлөвлөгөө, өөдрөг хандлага ..!” гэж хариулж. Тэгэхээр түүний хэлсэн сайхан төлөвлөгөө гэдэг нь яг ямар төлөвлөгөө юм бол? Магадгүй миний бодож байгаагаар бол чиний дотоод хүнийг жаргалтай болгодог бас чамд кайф өгөх нэмэлт амт болсон тэр зүйлийг л хэлээд байх шиг байна. Өөрийнхөө төлөө өдөр бүр хичээж байгаа өөртөө үзэсгэлэнтэй, аз жаргалтай байх боломж олгох хэрэгтэй.
Чиний сурах зүйл: Өөрийгөө урамшуулж төлөвлөх – Хэрвээ өнөөдөр төлөвлөсөн ажлаасаа 90 хувийг сайн гүйцэтгэж чадсан бол үлдсэн 10 хувийг нь шагнал болгож өөртөө үлдээ. Чи ийм шагнал авах эрхтэй хүн шүү дээ. Өөрийгөө сайхан байлгах гэдэг төлөвлөгөөний жагсаалтаас хэд хэдийг нь долоо хоног бүр урамшуулал болгож төлөвлөгөөндөө оруулж байгаарай!
9. Шэрил Сандберг
“Өөдөө тэмүүл” номын зохиолч Шэрил Сандберг “Карьер бол шат бус ширэнгийн зам” (Номныхоо нэг бүлгийг энэ өгүүлбэрээр нэрлэсэн байдаг)
Шэрил Сандберг өдөр бүр ажлынхаа төлөвлөгөөг хараад яаж төлөвлөгөөгөө улам илүү сайжруулах вэ гэдэгт хагас цагийг зарцуулдаг гэнэ. Илүү уян хатан, илүү олон зүйлийг нэгтгэж базсан, цаг хугацааг илүү үр дүнтэй ашигласан төлөвлөгөөг хэрхэн боловсруулах вэ? гэж. Амьдрал бол ширэнгэн ой. Шатаар бол хүн өгсдөг эсвэл урууддаг. Харин идэвхитэй амьдарч байгаа хүнд амьдрал ширэнгэн ой шиг санагддаг. Нэг үзүүрээс атгаад үсрэхдээ дараагийн үзүүрээс сайн зуурах хэрэгтэй. Яг үүнтэй нэгэн адил чиний төлөвлөгөө бусад бүх зүйлстэй чинь уян хатан холбогдож эхний төлөвлөгөө дараагийн төлөвлөгөөндөө туслаж байхаар зохион байгуулагдсан байх хэрэгтэй аж. Шэрил Сандбергийн номыг нэг эргүүлээд үзвэл тэр чамд төлөвлөх яагаад хэрэгтэй талаар нэлээдгүй их зүйл зааж чадна шүү, бүсгүй минь.
Чиний сурах зүйл: Бүгдийг холбож төлөвлөх – Эхний төлөвлөгөө дараагийн төлөвлөгөөний байршил цаг болон зорилготой аль болох ойрхон уялдаж байх хэрэгтэй. Нэг үзүүрээс нөгөө үзүүр хүрэх зайтай газарт уулзалт төлөвлөх эсвэл нэг нь цагтаа багтахгүй нөгөө нь цаг нь ихэдсэн байх зэргээр зохион байгуулалт муутай төлөвлөгөө чамайг улам л их уцаарлуулах болно. Аль болох гинжин хэлхээ шиг төлөвлөгөө зохио.
10. Тэд бидний өдөр тутамд уншиж сонсоод залхчихсан арга барилыг үнэхээр өвөрмөц аргаар сайн мөрдөж, төлөвлөгөө гаргах гэдгийг хоол идэхтэй л адил өдөр бүхэн давтдаг аж. Төлөвлөх гэдэг нэг л өдөр заалгаад сурчих зүйл биш бөгөөд аль болох өөртэйгөө өдөр бүр ажиллаж, байнга давтаж байж бий болдог чадвар юм. Учир нь хүн бүрийн биологийн цаг, хүсэл сонирхол, хийдэг ажил өөр. Гэхдээ төлөвлөх үйл явц нь хэд хэдэн тал дээр бүгдэд тэгш үйлчилнэ. Жишээ нь: Зорилгоо тодорхойлох, цаг зоох болон өдөр тутамд “to-do list” гаргаж түүнийгээ мөрдөх гэх мэт. Эдгээр чадваруудыг өөртөө суулгахад чиглэсэн “Өдөрт 6-г амжуулах 30 хоногийн чэллэнж” –ийг Гоолингоо нь онлайн найзуудынхаа дунд зарлаад 16 хонож байна. Гэхдээ хамгийн гоё нь чи энэ чэллэнжийг хувьдаа хэзээнээс ч эхлүүлж, хэзээ ч дуусгаж болох ба 30 хоногийн турш өдөр бүр залхуурч шантралгүй 6 ажил л төлөвлөж, түүнийгээ бүрэн гүйцэд дарж дуусгадаг байх хэрэгтэй. Чэллэнжийн төгсгөлд чи дээр хэлсэнчлэн төлөвлөгөөг хоол идэхтэй адил амьдралынхаа жаргалтай нэг хэсэг болгож чадах юм. ЭНД дарж чэллэнжийг хэрэгжүүлж байгаа, чамтай адил зорилго мөрөөдөлтэй хүмүүстэй нэгдээрэй. Дээрх бол чэллэнжийн удирдамж.
#Гоолингоо #Сард1Хэвшил #Өдөрт6гАмжуул
Өдөр бүр таны хэлж буй сайхан үгс бүтэж Өлзий болтугай. Like дарж ӨЛЗИЙ-ийн хуудаст нэгдээрэй.

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(335)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Таны нэр.   2016-05-27
ter hunees zondoo ih sain saihniig sursan

Зочин: Таны нэр.   2016-05-21
Sn baitsganu? tuluwluh gesnees nadad neeh olon temdeglelin dewter baigad baih yuma uuniig herhen ur duntei ashiglah we? temdegleliin dewter deere yu hiidgese huwaaltsach humuuse

Зочин: .....   2016-05-20
Tm shu mergejil sonirhol 2ion talaar gsn ter sedewiin niitlel bwal uneheer spnirhpltoi yum bn....pls goolingoo

Зочин: Жижи.   2016-05-19
U da Beeest Goolingoo!

Зочин: W.   2016-05-19
Bayarlalaa ta nartaa🤗❤️💋😘

Зочин: Зочин.   2016-05-19
Нэг хүсэлт байна л даа. Мэргэжил болон сонирхол хоёрын хоорондын ялгааг хөндсөн нийтлэл гаргаж туслаач.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com