-Өглөөний цайгаа уугаарай. Би ажилдаа гарлаа шүү.
-Үгүй ээ, би уухгүй.
-Яагаад?
-Өөрөө миний дуртай зөөлөн боовыг аваагүй байна лээ шд. Өчигдөр авна гэж хэлчихээд. Миний үгийг тоодоггүй юм байж.
-Доод дэлгүүрт өөр байгаагүй юм аа. Энийг идчих л дээ, тэгэх үү? Тэгвэл би орой дуртай мармеладыг чинь аваад ирье.
-Өөрөө идэхгүй юу. Би ганцхан зөөлөн боовоо л иднэ. Миний шүд тэрийг л даана.
-Ёооё, дандаа ингэх юм. Авчирсныг минь голоод байвал би дахиж юу ч авчрахгүй ээ, болилоо.
Ийн “сүрдүүлгийн” чанартай үг хэлчихээд би цуваа өмсөж үүдэндээ зогсоод ирж үнсэхийг нь хүлээлээ. Уг нь өдөр бүр заавал хацар дээр үнсэж, үдээд гаргадаг юм. Гэтэл энэ удаад ирдэггүй ээ, их л ноцтой гомдсон бололтой. Гараад шууд явах гэснээ танихгүй, мэдэхгүй “том” хүмүүс айлгаж мэднэ гээд хаалгаа гаднаас нь сайтар түгжээд доош шатаар буулаа.
Өнөө өглөө болсон явдал энэ. Өглөө бүр иймэрхүү янзтайгаар гэртээ ганцааранг нь үлдээгээд гарахдаа би өөрийгөө эрх жаахан хүүхдийн ээж мэтээр санана. Болохгүй юманд гар хүрчих вий дээ, угаалгын өрөөний шалан дээр халтираад уначихгүй байгаа даа, аягыг нь дээд шүүгээнд хийчихсэн юмсан өлмийгөө өргөөд хүрэх болов уу гэж санаа зовно. Гармагцаа цаг тутамд залгаж “бүрэн бүтэн” байгаа эсэхийг нь шалгана. Яг л ээж хүн шиг. Гэтэл би чинь өөрөө ээжийгээ асарч яваа “эрх жаахан охин” нь шүү дээ. Ээж минь миний хүүхэд шиг, би харин ээж шиг нь болжээ.
4-р ангид байхдаа би нэг удаа захисан зайрмагийг минь авчирсангүй гэж ээждээ тунирхаад оройн хоолоо идэхгүй зовоож байж билээ. Тэр үед ээж минь одооных шиг бөгтөр жижигхэн биш, өсгийтэй гуталтай өндөр туранхай эмэгтэй байсан. Яг л над шиг. Харин би ээжийнхээ хормойноос зүүгдсэн балчирхан амьтан байж. Мөнгөгүй байхад нь заавал зайрмаг идэх гэж зовоодог байсан би ч учир мэдэхгүй тэнэг хог шүү. Муу ээж минь одоо өөрөө ч мэдэлгүй хариугаа авч байгаа юм байлгүй дээ, зайлуул. Хорвоо тойрог хэлбэртэй гэж юутай үнэн. Багадаа надад өгдөг байсан бүхнийг нь одоо би ээждээ эргүүлэн өгсөөр амьдрах учиртай. Хүүхдүүд маань тусдаа гараад миний гарыг харахааргүй болчихсон энэ үед асрах, халамжлах, хамгаалах хүн минь болж ирсэн миний ээж. 40 настай болоод ганцаараа амьдарна гэж бардам ярьдаг байсан надад яг үнэндээ өтөл жаахан, өрөвдөлтэй хөөрхөн ээжтэйгээ л хамт кино үзэж, хоолоо идэж, хорвоогийн сонин хачны тухай гангар гунгар хийж, хааяа дэмий юмнаас болж хэрэлдэж муудалцангаа бор хоногийг өнгөрүүлэх нь хэчнээн ханьтай байдаг гэж санана.
Ээж минь намайг усанд оруулдаг байсан цаг өнгөрч, одоо эсрэгээрээ би ээжийгээ усанд оруулна. Угаасаа эхлэн бууралтсан цөөхөн хэдэн үсийг нь гэмтээхгүйн тулд болгоомжтойгоор хөөсрүүлж зогсохдоо би жаахандаа байнга орооцолддог буржгар хар үсээ ээжээрээ самнуулаад суух мөн ч дуртай байснаа эргэн санана. Бас усанд оруулсныхаа дараа биед нь заавал тос түрхэж өгнө, зөөлөрч суларсан ээжийнхээ гарт иллэг хийж суухдаа тэр гар хичээлээ тараад ирэх болгонд маань миний нурууг энхрийлэн илж өгдөг байсныг нь бодно. Зуны амралтаараа би гэртээ ганцаараа үлдээд, томчуудыг ажилдаа явсан хойгуур нь юу хийсэн тухайгаа, өөрийнхөө л хувьд сонин сайхан зүйлсийг ээждээ ярих гэж их яардаг байж билээ. Аав намайг ээжээс илүү тоодог байсан л даа, гэхдээ яагаад ч юм ээждээ л яримаар санагдана. Хаалгаар орж ирмэгц хөлд нь гишгүүлэх шахам гүйж, 00-ын өрөө орсон хойно нь ч хаалганы наанаас “Ээж ээ, өнөөдөр би... ” гээд шулганаж гардаг байсансан. Гэхдээ өдөржингөө ажиллаад ядрангуй ирсэн ээж маань юун миний үгийг сонсох мантай л орж ирээд, “Даалгавраа хий” гэж хэлээд яваад өгдөг байв. Тэр үед урам минь яаж хугардаг байсан нь сэтгэлд тод үлджээ. Одоо харин өдөр бүр хоосон гэрт, ярьж хөөрөх хүнгүй, ганцаараа үлдэх ээж маань орой намайг ирэхэд өдөржингөө дотроо хураасан бодлуудаа нэг нэгээр нь илтгэдэг болж. “Даваа ахынх нь нүүж байгаа гэнэ”, “Маргааш бороо орох шинжтэй”, “Өнөөдөр хуучин цамцаа хөвөөд нэг бөндгөр утас болгочихлоо”, “Доод шүүгээнээс шатар олоод, хоёулаа орой ганц нүүчих үү?” гээд л. 00 орсон хойно минь ч ярих нь тасрахгүй. “Амармаар байна ш дээ” гэж нэг удаа хэлсний минь дараа ээжийнхээ илт гуниглахыг хараад ахиж л ингэхгүй юм шүү гэж өөрийгөө их зүхсэн. Ганц хоёрхон үг солиод уйдааг нь гаргачихад надаас юу унах вэ дээ?
Ээжийгээ гомдоож ханахгүй хүмүүс юм даа, бид. Тэд маань чин сэтгэлээсээ гомддоггүй л биз, гэхдээ ямар ялгаа байна, бид ээжийгээ гомдоодог өөдгүй хүүхдүүд хэвээрээ. Долоо хоногийн өмнө ингэж билээ. Би ажлаа тараад гэрээрээ дайрч хувцсаа сольчихоод буцаад гарах болсон юм. Өрөөндөө ортол ихэвчлэн хувцаснууд нь наашаа сагатлаа дүүрэн байдаг шүүгээ маань нэлээн дундарчихаж. Өмсөхөөр төлөвлөсөн цэнхэр цамцаа дотроос нь хайгаад хайгаад олсонгүй. “Ээж!” гэж ууртайхан дуудаад цамцаа сураглатал муухай болчихсон байхаар нь одоо угааж байна гэв. “Би тэрийг чинь өмсөөд гарах гэж байсан ш дээ. Надаас асуу л даа. Бас миний хамаг хувцас хааччихсан юм? Урдуураа уранхайтай жийнсэн өмд маань хаана байна?” гэж зандрахад ээж маань аяархнаар “Хуучирсан хувцаснуудыг чинь хаях гээд ялгачихсан. Нөгөө салбархай өмд үү? Ээж нь түрүүн сууж байгаад оёчихсон шүү. Ядаж бүтэн хувцас өмсөж бай л даа, миний охин” гэлээ. Яарч байсныг ч хэлэх үү, үүнийг нь сонсоод бүр их уур хүрч “Тэр чинь албаар, цаанаасаа уранхайтай өмд. Та одоо мэддэг юм шиг яах гэж хүний юмаар оролддог юм? Та надад ус болохоос тус болно гэж байхгүй юм аа” гэж баахан дуугаа өндөрсгөж байгаад хаалгаа чангахан хааж гарсан. Нэг л их омголон, ууртай амьтан орой буцаад орж ирэхэд бие нь өвддөг ээж маань хоол хийчихсэн хүлээж байж билээ. “Ээж нь охиныхоо дуртай хоолыг хийсэн” гээд гэмшсэн нь илт хоолойгоор тавагтай шөл урд минь тавиад өөр юу ч хэлэлгүй гэмтсэн хөлөө удаанаар зөөн гэрэлгүй харанхуй өрөө лүүгээ алхаад явчихсан. Тэр үед нулимс, шөл хоёр зэрэг амтагдаад өөрийгөө ахиад л баахан зүхэж, яаж аргадахаа мэдэхгүй оройжин галт тогоондоо сууж билээ. Муу ээж минь яасан ч гэж гэмших ёстой юм? Би ер нь ээжийгээ гэмшүүлж л байдаг, хэн бэ?
Маргааш нь ажил дээрээ очоод би тайван байж чадсангүй. Ээжийгээ гомдоочихсон хүн чинь яаж тайван байхав. Цаг, минутаа тоолон тоолон хүлээгээд 6 болмогц бушуухан шиг гараад явлаа. Хурдхан алхалсаар гэрийнхээ урд ирээд нэг зүйлийг санав. “Зөөлөн боов!” Гялс дэлгүүр ортол ашгүй нарийн боовны цехийн машин саяхан ирсэн гэнэ. “Нэг зөөлөн боов, нэг мармелад” гэж худалдагчид хэлэхдээ амьдралдаа анх удаа ээжийнхээ хүслийг биелүүлж байгаа юм шиг л бодогдож байлаа. Гартаа ууттай юм тэвэрсээр хаалгаа гаднаас нь түлхүүрдэж онгойлготол ээж маань зурагтаар дуртай киногоо үзчихсэн, шовойгоод хөөрхөн гэгч нь сууж байна. “Өө миний охин ирэв үү?” Нүдэнд нь өнгөрсөн оройн гомдлын мөр огт алга. “Ээж нь киногоо үзэж байна. Сая нөгөө зальтай хүүхэн чинь машин доогуур орчих юм аа” гээд үргэлжлүүлэн ярьж гарав. Урд нь тавагтай зөөлөн боовыг нь авчирч тавиад “Би дуртай юмыг нь аваад ирсэн. Тийм болохоор орой надаар тариагаа тариулаад, усанд орно шүү, за?” гэхэд ээж маань чихэр авсан хүүхэд шиг л баярлан “Баярлалаа, миний охин. За, тэгье” гэж баясгалантайгаар хариуллаа. Тэврэхэд гарт минь багтаад, миний ээж яасан ч жижигхэн юм. Зөөлөн боовоо идээд, инээж суугааг нь харж суухад ганцхан л зүйл бодогдоод салсангүй. Ээж минь дээ, одоо охин нь таныхаа ээж болж амьдрах цаг ирсээн...
Сэтгэгдэл (15) | Хэвлэх | Үзсэн тоо: 12322 | | | |
Өмнөх мэдээлэл Алхах үед бидний биед өрнөдөг 10 зүйл |
Дараах мэдээлэл Ашиг тусаа өгөх алхалтын төрлүүд |
Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.
Yamar saihan uhaantai hun be. Bi eejiigee burkhan bolson hoino l iluu iheer hairlaj halamjlah minx yalaa hemeen halaglan hojuu uhaarsan daav setgel uvduj yavdag. Baigad nx harj handaad bna l gej bodoj baisan ch ih l dutuu sanagddag yum shuu. Enhriu ijiigee bgaa deer nx ulam ih sanaa taviarai huuhduud ee