ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Эрүүлээр амьдрах эхний ээлжийн, эв энгийн аргууд

Эрүүл мэнд  | 2016 / 06 / 08

Чи хүртэл хэрэгжүүлж чадна, нээрээ шүү
“Эрүүл амьдралын хэв маяг” гэдэг үгнээс сүрдэхээ болих цаг ирлээ! Өөрөөр хэлбэл, инстаграм дээрээ хэн нэгэн броколлитой салатны эсвэл өглөөний гүйлтийнхээ зургийг тавьсан байхыг хараад “Эд нар нээх худлаа”, “Одоо байгаа минь ч таалагдаж л байна даг” гэж далдуур бодоод өнгөрөхөө болих цаг ирлээ гэсэн үг. Оронд нь эрүүл амьдарна гэдгийг зүгээр ч нэг түр зуурын моод биш, одооны залуусын шинэ чиг хандлага гэж хараад өөрөө ч бас нэг эгнээнд оръё. Ингэх тийм ч хэцүү биш. Бага багаар амьдралдаа уусгахад чинь зориулж дараах эв энгийн аргуудыг санал болгоё. Нэг нэгээр нь нэмж, хэрэгжүүлээд байгаарай.

Эрүүлээр амьдрах эхний ээлжийн, эв энгийн аргууд

1. Хольж зуур
Гурилтай хоол хийх бүртээ зуурмагныхаа 1/3 –ийг бүхэл үрийн юм уу хоёрдугаар гурилнаас бүрдүүл. Millhouse ХХК –ийн Атар гурилд бүхэл үрийн төрөл байдаг. Харин хоёрдугаар гурилыг өөрийн хүссэнээр л сонгож болно. Үүнийг хэрэгжүүлээд сурчихвал сүүлдээ цасан цагаан гурилтай хоол нэг л идэнгигүй санагдаад бага зэрэг ширхэгтэй, бор өнгийн гурилтай хоол л амттай санагддаг болдог. Холих хэмжээгээ бага багаар ихэсгээрэй. Мөн будаатай хоол хийх бүртээ хөц, гурвалжин, бор будаанаас 1/3 –ыг нь бүрдүүлээрэй. Илүү тэжээллэг, өег, амттай бөгөөд таргалуулах чанар багатай.

2. Сайн нойрноос өөр юуг ч илүү чухалд бүү тооц
Шөнө бүр тогтмол цагт унтаад, өглөө бүр тогтмол цагт сэрэх, энэ хоорондоо 6 – 8 цагийн нойрыг заавал авахыг юм бүхнээс тэргүүнд тавь. Ажил төрлийнхөө, нэг дор угсруулаад үзчихмээр байгаа солонгос драманыхаа хүртэл өмнө тавиарай. Нэг шөнийн нойроо алгассанаараа чи ямар том зүйлийг алдаж байгаагаа төсөөлөх ч үгүй.

3. 10 –хан мянга алх
Гоолингоогийн #Сард1Хэвшил –ийн энэ сарын чаленжийг харсан уу? Энэ бол “Өдөрт 10 мянган алхам”. Группт маань нэгдсэн 700 гаруй хүн аль хэдийнэ үүнийг мөрдлөг болгоод эхэлчихэж. Ихэнх нь тоогоо давуулан биелүүлж байгаа гээд л бодчих. Тэгэхээр чи ч бас яагаад нэгдэж болохгүй гэж? 10 мянга гэдэг их тоо мэт санагдаж байгаа ч үүнд ойролцоогоор 8 км зай л багтаж байгаа юм. Хэрвээ зүгээр алхахад сонирхолгүй байвал Хүннү Молл, Мишээл Экспо, Viva City гэх мэт нэг тойроход л хэдэн км –ийг туулахаар том обьектыг сонгоод, элдэв юм харж сонирхонгоо алхвал цаг ч, тоо ч хурдан явна. Эсвэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний Соёл Амралтын хүрээлэнг тойрсон ч болно. Зорилго тавиад, түүнд хүрэх замаа сонирхолтой байлгаж чадвал чи үүнийг амархаан дөнгөчихнө. Бас алхаа чамаас ямар ч нэмэлт төхөөрөмж, төлбөр, авьяас шаардахгүй.

4. Жинхэнэ хоол ид
Өдөржин өөрийгөө шоколад, печенье, чихэр, чипс зэрэгхэнээр бүү хуур. Үүний оронд өдөрт ганцхан удаа сайн чанарын, бүтэн таваг хоол идчих. Өөрийнхөө ходоодыг 100 хувийн багтаамжтай гэж үзвэл тийш орох хоолнуудын 100 хувь нь цусанд чинь шим тэжээл, эрдэс бодис, амин дэм, чанартай калорийг өгөх ёстой. Амны зугаанууд харин хайран багтаамжийн маань 30 хувийг ямар ч хэрэгцээгүй зүйлээр дүүргэж орхидог юм.

Болж өгвөл Даваа гаригийн өдрийн хоолыг ням гаригийн орой нь бэлдээд, ажил дээрээ авч оч. Заавал хоёр ажил болгох хэрэггүй, ням гаригийн оройн хоолоо л арай ахиухан хийгээд илүү гарсныг нь өөртөө хадгалчихад болно. Хүйтэн сэрүүн газар хадгалахаа л битгий мартаарай. Амархан байгаа биз дээ?

5. Уулаа, угаалгын өрөө орлоо...
Ус уухыг хөдөлгөөн хийхтэй хослуулвал нэг дор 2 туулай буудаж болно. Гэртээ өглөөдөө 1, оройдоо 1 аягыг ууна гэж тооцоод, ажил дээрээ 1 цаг тутамд аяга ус уугаарай. Ингэвэл өдөрт 8 – 10 аягын зорилтыг биелүүлж чадна. Мөн ууж байгаа устайгаа зэрэгцэн 1 цаг тутамд 1 удаа ариун цэврийн өрөө орж давсгаа сулла. Ингэснээр цаг тутамд 10 минутын завсарлага авч, хөдөлгөөн хийх зорилтыг ч давхар биелүүлж байна. Дээрээс нь давсгаа тогтмол суллавал шээсний замын үрэвслээс сэргийлж чадна. Ариун цэврийн өрөө орох замдаа бага ангийн биеийн тамирын хичээлээр хийдэг байсан 8 тоот гимнастикаасаа 4 тоотыг ч болов хийгээд аваарай.

6. Өдөр бүр 2 төрлийн жимс, 4 төрлийн ногоо ид
Бидний өдөрт идэх ёстой хүнсний ногооны норм , жимсний норм нийтлэлүүдийг уншиж байсан уу? Олон зүйл бодож, тооцоолж, граммлах шаардлагагүй. Ердөө л өдөрт 2 өөр төрлийн жимс, 4 өөр төрлийн ногоо идэх ёстой гэж ойлгоход хангалттай. Энэ тоонуудыг санаж аваад өдөр тутамдаа хэрэгжүүлэх гээд үзээрэй. Жишээ хэрэгтэй байна уу? Өглөө бүр 1 алим хазаж, өдрийн хоолоо лууван байцааны салатаар хачирлаж, оройн хоолон дээрээ бууцай, чинжүү хоёрыг атга атгаар нь нэмээд, дессертэнд 1 жүрж юм уу тоор иднэ гэсэн үг.

Жич: Ногоонд төмс, сармис, сонгино , амтлагч зэргийг бүү тооцоорой.

Ингээд л чи эрүүл амьдралын хэв маягтай нэгэн болчихлоо! Энэ амьдралын хэв маягаа улам бүр хөгжүүлж, ахиулаарай. Тэгвэл чи илүү аз жаргалтайгаар, өдөр бүр наран мэт гэрэлтэх болно.

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  
Өмнөх мэдээлэл
Алхах = Хэмнэх
Дараах мэдээлэл
Нөхөр бид хоёр

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(312)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Angela.   2016-06-09
Үнэхээр үнэн бөгөөд хэрэгтэй мэдээлэл байна. Баярлалаа

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com