ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Оюутан шиг оюутан байхад чинь зориулсан, төгсөгчийн өгөх 7 зөвлөгөө

Боловсрол  | 2016 / 08 / 08

Шинэхэн оюутнуудад зориулав.
Оюутны ширээнээс гарч, сургуулиа төгсөхдөө, биш ээ, 3-р курст байхдаа л би энэ талаар бодсон юм байна. Анх сургуульд ороход маань хэн нэгэн энэ талаар надад хэлээд өгчихсөн ч болоосой гэж. Учир нь би их сургуулийн эхний 3 жилд юу ч сураагүй, өсч дэвшээгүй, оюутан гэсэн нэрнээс өөр нэмэгдсэн зүйлгүй “сурагч” байсан юм.

Оюутан шиг оюутан байхад чинь зориулсан,  төгсөгчийн өгөх 7 зөвлөгөө

Ерөнхий боловсролын сургуулиа төгсөхдөө хүссэн сургуульдаа л орчихвол бүх зүйл сайхан болчих мэт төсөөлж, түүнийгээ ч биелүүлж, тэр үед амталсан балаараа өөрийгөө 3 жил тэжээнгээ нэг газарт нь хэтэрхий удаан уячихсан байснаа сүүлд нь би ойлгосон. Бас хариуцлагагүй оюутан байсны нэг илрэл л дээ. Тэгэхээр оюутны 4 жилийг илүү үр бүтээлтэй, харамсахааргүй өнгөрүүлэхийн тулд анхны жилээсээ л эхлэн яах хэрэгтэй талаар өөрийн олж харсан туршлагаасаа энд хуваалцъя:

1. Эхлээд хаана юу хийх гэж ирснээ сайтар ухаар
Чи тэнд цаг, мөнгөө үрэн байж сууж байгаа гэдгээ маш сайн ухамсарлах хэрэгтэй. Ямар мэргэжил эзэмшиж, төгсөөд хэн болох вэ гэдгээ маш сайн бодоод сонголтоо хийчихсэн гэдэгт чинь итгэлтэй байна. Хүссэн сургуульдаа орчихлоо гээд хэтэрхий санаа амарч болохгүй. Тухайн мэргэжлийн хүн өдөр тутамдаа юу хийдэг, сургуулиас ямар ур чадвар мэдлэгийг олж авах вэ гэдгээ судалчихвал тун хэрэгтэй. Орж байгаа хичээл бүрийг чиний мэргэжилд ямар хэрэгтэй талаар бодож хийж байх нь чамд хэрэгтэй. Хэрвээ тухайн сургуулийн хичээлүүд чамайг хангалттай сайн сургаж чадахгүй байвал нэмэлт сургалт дамжаанд сууж байнга өөрийгөө хөгжүүлэхдээ анхаараарай.

2. Сурах бол чиний хамгийн гол хийх зүйл
Тийм ээ, яг одоогоос эхлээд 4 жилийн турш чиний маш сайн хийх ёстой цор ганц зүйл бол сурах юм. Мэргэжлийн хичээлээс гадна чамд заавал байх хэрэгтэй чадвар юу байна бүгдэд соргог байж суралц. Оюутан хүний сурах чин эрмэлзлийг томчууд ч сайшаах учраас боломжууд зөндөө гарч ирнэ. Зуны амралтаа ч бас битгий дэмий өнгөрүүл. Ямар нэг зүйл заавал сур. Ерөнхийдөө ирэх хэдэн жилд галзуу юм шиг сурна гэдэгтээ эхнээсээ л сэтгэлийн бэлтгэлтэй байгаарай.

Бас сурах үйлийг зөвхөн сургуулиараа битгий хязгаарла. Чиний мэргэжилтэй холбоотой салбар, улс орон, өндөр хөгжилтэй орнууд, дэлхий дахинд юу болж байна судалж мэд. Англи хэл чинь хангалттай сайн бол ахиад өөр нэг хэл сур, эрдэм шинжилгээний ажлуудыг судал, ном унш, хувийн зохион байгуулалтаа сайжруул, лекц семинарт суу. Сурч болох бүх зүйлд сониуч байгаарай, шинэхэн оюутан минь.

3. Ажил хий
Энэ тун чухал. Төгсөөд ажлын байран дээр гарахад ажлын туршлагатай байх тусам чамд хэрэгтэй. Ямар ч ажил байж болох ч мэдээж мэргэжлийнх байвал сайн. Хамт олон дунд байж сурсан, ажиллаж чаддаг байна гэдэг “100 А” дүнтэй байхаас хамаагүй дээр зүйл юм шүү. Магадгүй төгсөөд ажил хайх шаардлагагүй ч байх юм билүү.

4. Багш нартайгаа ойр бай
Их сургуулийн багш нар гэдэг тус мэргэжлийн салбарынхантай байнга холбоотой байдаг хүмүүсийн нэг шүү дээ. Чиний бэлтгэгдэх гэж байгаа салбарт амжилттай ажиллаж байгаа хүмүүсээс дор хаяж 1 нь ч гэсэн танай сургуулийн бүтээгдэхүүн байгаа. Тиймээс багш нартайгаа ойр байна гэдэг боломжуудтай ойр байгаагаас өөрцгүй юм. Хичээлээ багшийн хүлээлтээс давуулан хийж, тэдэнтэй мэтгэлц, салбарынхаа өнөөгийн байдал, юу хийж бүтээмээр байгаа, ямар шинэ санаа байгаа зэрэг талаараа хуваалцаж ярилц. Чи өөрийгөө л харуулахгүй бол хэдэн зуун оюутнууд дундаас багш чинь чамайг онцолж харахыг хүлээвэл хэцүүднэ шүү.

5. Дүнгийн араас битгий хөөцөлд, гэхдээ түүнд ханаж бас болохгүй
Дүн чухал л даа. Насан туршдаа барьж явах диплом дээр чинь тавигдах тэр тоо чамайг хэр мэдлэгтэй оюутан байсан бэ гэдгийг илэрхийлж чадна. Гэхдээ хэр чадвартай, ямар хандлагатай гэдгийг чинь бол хэзээ ч илтгэж чадахгүй. Ажил хийхэд онолын мэдлэгээс илүү практик туршлага, тухайн хүний хандлага чухал байдаг. Тиймээс “А” гэсэн дүнг л 4 жилийн гол зорилгоо болгож болохгүй. Нөгөө талаас, авсан онц дүндээ сэтгэл ханаад байж бас болохгүй. Багш үнэхээр чиний мэдлэг, ур чадвар, хандлагыг чинь үнэлж тавьсан бол сайн хэрэг л дээ. Гэхдээ хий гэснийг нь л хийснээс биш өөртөө юу ч нааж чадаагүй бие даалтандаа бардаж, санаа амарч болохгүй шүү. Чи сургуульд дүнгийн төлөө биш мэдлэг чадвар олж авахын төлөө сурч байгаа гэдгээ байнга ухамсарлах хэрэгтэй.

6. Өөр зүйл оролд
Магадгүй чиний энэ л юм байна гэж бодоод сонгосон мэргэжил чинь сургуульд сурах үед “нэг л биш” болоод ирэхийг үгүйсгэхгүй. Тиймээс чөлөөт цагаараа өөр зүйл туршиж, өөрийн гэсэн хоббитой болох хэрэгтэй. Мэргэжлээ солихгүй байсан ч хамаагүй сурсан зүйл хэзээд хэрэг болдог.

7. Оюутан шиг оюутан бай
Байгаа байхгүй нь мэдэгдэхгүй, сургуульд лекц сонсохоос өөрөөр ирдэггүй нэгэн байх хэрэггүй. Аль болох найз нөхөд, ангийнхантайгаа хамт их цагийг өнгөрүүлж, сайхан дурсамжууд олноор бүтээвэл гоё шүү дээ. Хөгжилдөх үедээ хөгжилдөж чаддаг хичээллэх үедээ хичээллэж чаддаг байж байж л оюутан цагийн сайхныг мэдэрнэ.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(652)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Хэн нэгэн.   2017-03-03
хамгийн гол нь төгсөөд би хаана ажиллах вэ. ямар газар орох вэ гэдгээ л эртнээс бодож төлөвлөж байх хэрэгтэй санагдсандаа.

Зочин: bella.   2016-08-10
THANKS

Зочин: xlnaa.   2016-08-10
oyutan blhoos vnheer ih aij bsiin, ghdee odoo itgeltei blloo bayrllaaa

Зочин: smile.   2016-08-09
Хэтэрхий их хичээл гэж гүйж байгаад эрүүл мэндээ бас муутгасан шүү. Тиймээс хөдөлгөөнтэй байх нь маш чухал . Эрүүл биед саруул ухаан гэж бие эрүүл биш бол мөрөөдөлд хүрэхэд нэг саад учирч байна л гэсэн үг.

Зочин: big like.   2016-08-09
maash heregtei zoblogoo bn bayarlalaa

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com