ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Замын дундаас шантрахгүй байхад чинь туслах 9 арга

Чөлөөт цаг  | 2016 / 11 / 07

Мөрөөдөж, түүнийгээ биелүүлэхийн тулд ч бай зүгээр л хэрэгтэй гэж бодоод ч бай зорилго тавих үнэндээ тийм хэцүү биш. Хамгийн хэцүү хэсэг нь түүндээ хүрэх аялал байдаг. Хэцүү, шантармаар, тэвчээр шаардсан, уйлмаар, гонсоймоор үеүд зөндөө тохионо. Эдгээрээс илүүтэй бид тэр аяллаас маш их зүйлийг сурч аван, аяллыг амжилттай давснаар амьдралын жинхэнэ амтыг мэдэрдэг. Ийм л байх учиртай гэдгийг бид хангалттай сайн мэддэг хэрнээ л замын дундаас бууж өгчихөөд байдгийн шалтгаан юу юм бол? Яаж тууштай байж зорьсон зорилгодоо заавал хүрдэг болох вэ?

Замын дундаас шантрахгүй байхад чинь туслах 9 арга

Үүний тулд эхлээд:

1. Хүслээ өрд
Хамгийн чухал нь чи үүнийг яагаад хүсэж байгаа вэ гэдэг юм. Энэ бүхэн биелж, зорилгодоо хүрсний чинь дараа нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөх, бусад хүмүүс чамайг хэрхэн үнэлэх, чи өөрийгөө хэн гэж харах гэх мэтээр бодож, төсөөл, зур, бич. Зорилгодоо хүрэх хүртлээ үр дүнг нь маш ихээр хүсэж, түүнийгээ байнга өрдөж байх хэрэгтэй.

2. Үүнийгээ өдөр бүр давт
1 дэх хэсэгт бичсэн зүйлийг өдөр бүр давтах нь хамгийн чухал. Чи энэ хооронд мөрөөдөлдөө амьдрах хэрэгтэй. Бусад хүмүүс юу гэх, яах нь хамаагүй, үүнийг бүтнэ гэдэгт бүрэн итгэж, бүтчихсэн мэт амьдар. Хамгийн чухал нь чи үр дүнг хэн нэгнээс эсвэл хаа нэгтэйгээс хүлээж байгаа мэтээр мэдрэх биш харин үр дүн нь чиний амьдралаас авах, авч чадах зүйл мөн гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй юм. Хүн бүрт оюун санаандаа зурсан өөрийн гэсэн ирээдүйн дүр зураг байдаг. Ухамсартай, ухамсаргүй аль нь ч байсан хүн бүрт бий. Энэ нь хүний өөрийгөө үнэлэх үнэлэмжтэй нягт холбоотой бөгөөд өөртөө итгэж эхэлснээр чиний оюун ухаанд байгаа ирээдүйн чинь дүр зураг илүү сайн, сайхан болно. Тэр нь мэдээж биелдэг. Өнөөдөр бол өчигдрийн бодлын үр дүн гэдэг байх аа.

3. Сайныг л олж харах томруулдаг шилтэй бол
- Хүмүүс яагаад шантардаг вэ?
- Бэрхшээлийг олж харснаар...

Зарим хүмүүс бодитоор сэтгэж, эрсдлийг тооцоолж байж хөдлөх хэрэгтэй гэдэг. Харин зарим нь юунд итгээд байгаа нь мэдэгдэхгүйгээр зүгээр л инээмсэглээд хийдэг. Энэ бол тархиндаа эсвэл зүрхэндээ захирагдахын ялгаа юм. Харин Гоолингоо нь зүрхэндээ захирагдах нь зөв гэж боддог. Учир нь тархи бол угаас эрсдлийг түрүүлж харж тооцоолохоор бүтээгдсэн байдаг болохоор оюун тархиа сонсох үед бэрхшээл саадууд л нүдэнд харагдаж, бүтэхгүй юм байна гэсэн бодлоор дүүрч эхэлдэг. Харин зүрх сэтгэлээ дагавал бүгдийг зөвөөр хийдэг болохоор ажил үйлс аяндаа бүтэмжтэй байх учиртай юм. Тиймээс зүрх сэтгэлээ томруулж, сайн сайхан, болох бүтэх талуудыг л олж харж чаддаг байгаарай. Ингэвэл саад бэрхшээл нүдэнд чинь огтхон ч торохгүй.

4. Дуусах цагийг тодорхой байлга
Үүнийг зорилго бүрт заавал байлгах хэрэгтэй. Заримдаа бид бусдын даалгасныг цагт нь амжуулаад сайхан бүтээчихдэг хэрнээ өөрөө өөртөө даалгавар өгч чаддаггүй. Өөртөө өгсөн даалгавраа чухалд тооцолгүй, дундаас нь орхичихдог. Энэ бол өөрийгөө хүндлэхгүй байгаагийн, бусдын чамайг хэн гэж бодох дээр хэт их ач холбогдол өгдгийн илрэл. Өөрийнхөө өмнө хариуцлагатай байж чаддаггүй хүнийг жинхэнэ хариуцлагатай хүн гэж хэлэхгүй. Өөртөө үнэнч байж чаддаггүй хүн бусдад үнэнч байж чадахгүй л болов уу. Тиймээс одооноос өөрийнхөө тушаалыг хүндэтгэж, өөртөө хариуцлагатай байж сураарай. Тэгээд “энэ өдөр гэхэд хүрсэн байх болно” гэсэн зорилгоо яг таг биелүүлж эхлээрэй.

5. Чи мундаг шдээ
Бид заримдаа өөрсдийгөө магтуулах эрхгүй гэж боддог. Магтаал сонсоод “Үгүй дээ, би тийм мундаг биш” гэнэ. Эсвэл өөрийнхөө хийж байгаа зүйлийн талаар ярихдаа амжилттай байгаа нь харваас тодорхой байхад хүртэл “Би тийм мундаг лаг хүн биш л дээ” гэж хэлнэ. Яагаад вэ, яагаад чи мундаг биш гэж? Ажил чинь амжилттай байгаагаар мундаг гэдэг чинь батлагдчихаад байхад өөр чи юу хүсээд байгаа юм бэ? Өөр юугаар чамайг хангалттай сайн ажилтан, сайн бизнес эрхлэгч, сайн шинжээч, сайн загвар зохиогч, сайн нүүр будагч, сайн ээж гэдгийг батлах ёстой хэрэг вэ?

Бусад хүмүүст хүлээн зөвшөөрөгдөх гэж зүтгэхээсээ өмнө өөрийгөө хангалттай мундаг гэдэгт итгэх хэрэгтэй. Чаддаг зүйлдээ итгэлтэй бай. Өөрийгөө үнэл, урамшуул, шагна, магтаалыг МЭДНЭ ЭЭ гэж хүлээж авдаг бол. Яадаг юм чи чадаж байна, чи бусдаас нэг шат өмнө алхаж байна.

6. Хаанаас эхэлснээ өөртөө байнга сануул
Дээр хэлсэнчлэн өөрийнхөө багахан амжилтад ч итгэлтэй бай. Өчүүхэн гэж бодох хэрэггүй, бусад амжилтуудтай харьцуулах ч хэрэггүй. Чинийх байгаагаараа амжилт, бусдынх ч бас. Тиймээс юунаас эхлээд юутай болсноо байнга санаж байхын тулд, тэр хөдөлмөрөө мартахгүй, хайран гэдгийг нь өөртөө сануулахын тулд энэ зорилгыг тавихаас өмнөх өөрийгөө байнга дотроо санаж байгаарай.

7. Өдөр бүр бага багаар урагшил
Зорилгоороо амьсгал. Чи зүгээр л нэг зүйл хийж байгаа биш харин амьдралаа өөрчлөх чухал зүйл хийж байгаа гэдгээ сана. Өнөөдрийн жингээ хасах, гадаад хэл сурах, булчинлаг болох, мастерийн судалгаа гэх мэт чиний хийж байгаа зүйлс хэлэхэд жижигхэн мэт санагдаж болох ч эдгээр жижиг зүйлс нийлж байж илүү мундаг чамайг бүтээнэ гэдгийг санаж дорд бүү үз. Өдөр бүрт 10-хан минут дасгал хийж байгаагаа, тавхан шинэ үг цээжилж байгаагаа, нэг хуудас зүйл л орчуулж байгаагаа багад битгий бод. Харин аз жаргалтайгаар зорилгодоо хүрэх боломжтой байгаадаа талархаад бага багаар урагшлаарай.

8. Урам зоригоо хадгалах плэйлисттэй бол
Энэ хэсэг миний хувьд их чухал байдаг. Яагаад гэвэл дуу миний сэтгэл санааг хормын дотор өөрчилж чаддаг юм. Хөнгөн хэмнэлтэй, хөгжилтэй дуу сонсоход хар бараан мэдрэмж маань тэр чигтээ нүүгээд сэтгэлд маань нар манддаг. Бас залхуурал маань хаашаа ч юм яваад өгчихдөг. Сайхан дуу сонсонгоо өнөөдрийнхөө төлөвлөгөөг хэрэгжүүлэх ямар сайхан гэж санана. Тиймээс чамайг хөнгөн шингэн, баяр баясалтай болгодог дуунуудаар плэйлист хийж, сонсоход хэзээд ойр газар байрлуулаад “Заза өнөөдөр унтъя, маргааш хамтад нь хийчихье” гэсэн бодол орж ирэх үед шууд плэй товч дараарай.

9. Эцэст нь аз жаргалтай бай
Инээмсэглэ, аз жаргалтай бай.
Мэдэж байна аа, мэдээж бүх зүйл санаснаар болохгүй, хэцүү үеүд зөндөө тохионо. Гэхдээ тэр бүрт битгий амьдрал нурчихсан мэт царайл. Амьдрал цааш үргэлжилж, чи амьдрах хэрэгтэй. Үүний тулд санаж явах нэг зүйл бол хэт их хүлээлтийг өөртөө үүсгэж болохгүй. Зорилго чинь биелэхгүй л бол эсвэл яг чиний санасан тэр замаар бүтэхгүй л бол чамд байгаа бүх зүйл нурах юм шиг бодож болохгүй. Зорилго, зорилгодоо хүрэх үйл явц бол амьдралын энгийн нэг хэсэг. Тиймээс хэтэрхий хүндээр хүлээж авалгүй, хийх ёстой зүйлээ хийж, түүндээ хүрч чадна гэдэгтээ итгээд аз жаргалтай цаг мөчүүдийг өнгөрүүлээрэй.

Өдөр бүр таны хэлж буй сайхан үгс бүтэж Өлзий болтугай. Like дарж ӨЛЗИЙ-ийн хуудаст нэгдээрэй.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(698)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: asuult.   2016-11-14
Sain bnuu. Bi uur zuil asuh gsn ym. Bolor soliulah hagalgaa hiilgej bsn hun bga bolovu. Bi odo 25tai neg nudni bolor tsaisan. Teged ulsin emlegt hiilgevel zuger bolovu. ene talar meddeg hun bvl zuvlugu uguuch

Зочин: Happy.   2016-11-09
Fitness eer urgelj hicheelledeg ohiduudda zoriulj herhen zuv hoolloj bh ve, shim tejeeltei hool huns, Fitnesseer hicheellevel yamar vitamin nemelteer uuh heregtei talaar medeelel oruulval olon ohiduudad maani hussen biye galbirtai bolohod ni ih tus boloh bh:) bayarlalaa:*****

Зочин: Sachi.   2016-11-08
Bayrallaa 🙇🏻😊

Сүүлийн сэтгэгдэл

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


Эрүүл хооллолт

GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com