ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Доошоо юу гарсан байна?

Эрүүл мэнд  | 2016 / 11 / 19

“Цагаан юм”-ны бүх төрлийн өнгө, үнэр, хэлбэр, хэмжээний тайлал
Үтрээний ялгадас буюу бидний нэрлэдгээр “цагаан юм” нь зүгээр ч нэг өдөр тутмын хэрэглэлийн гарз биш шүү. Эмэгтэй хүнээс гарч буй ялгадасны хэлбэр хэмжээгээр жирэмслэх магадлалтай өдрийг тодорхойлох боломжтой. Бүр цаашилбал, бид хэний ч туслалцаагүйгээр өөрсдөө үүнийгээ тодорхойлчихож чадна гээч! Гараа угаагаад, хуруугаа бэлдээрэй...

Доошоо юу гарсан байна?

“Цагаан юм” гэж юу вэ?
“Цагаан юм” бол эстрогений нөлөөгөөр саван доторх булчирхайнуудын ялгаруулдаг шингэн юм. Бага насны охидоос “цагаан юм” гардаггүй. Учир нь үтрээний ялгадсын үйлдвэржилт явагдахын тулд тухайн эмэгтэйд хангалттай хэмжээний эстроген ялгарах ёстой байдаг. Нөгөө талаас, энэ нь цэвэршилт явагдсаны дараа ч бас “цагаан юм” бараг үзэгдэхгүй гэсэн үг. Сарын мөчлөгийн туршид цагаан юмны хэмжээ, чанар өөрчлөгддөг ба энэхүү өөрчлөлтийн дагуу өөрийнхөө жирэмслэх магадлалтай өдрийг тооцож болдог.

“Цагаан юм” ямар үүрэгтэй юм бэ?
Бидний үтрээ маш ухаалаг учраас өөрөө өөрийгөө цэвэрлэх ажиллагааг байнга хийдэг. Өөрийгөө цэвэрлэдэг ямар ч ухаалаг угаалгын машинаас илүү гээд л бодчих. Үтрээ нь “цагаан юм”-аар дамжуулан хуучин эсүүд, бохирдлыг гадагшлуулж хүчил шүлтийн хэмжээ нь таарсан чийглэг орчинг бүрдүүлдэг. Мөн “цагаан юм” нь үтрээг халдварт өвчнөөс хамгаалах “бамбай”-н давхарга болох зориулалттай.

“Цагаан юм” –аа яаж шинжих вэ?
Гараа угааж, хатаагаад долоовор юм уу дунд хуруугаа үтрээ рүүгээ шургуулж, савтай аль болох ойртуулаy ялгадаснаас дээж авна. Ялгадасны дээжийг эрхий, долоовор хуруундаа үрж, хоёр хуруугаа салгаж үзээд бүтцийг нь ажиглаж болно. Хөнгөн болон хүндээр бие зассаны дараа үтрээний ялгадас илүү их ялгардаг тул үүний дараа шинжлэхэд илүү тохиромжтой. 00-ийн цаасаар урдаас хойшоо чиглэлтэйгээр сайтар арчиж байгаад, гараа угаасныхаа дараа үзээрэй. Хурдхан ээж болохыг хүсч байгаа бол өдөр бүр секс хийхээс илүү, “цагаан юм”-ныхаа тэмдэглэлийг хөтөлж байгаад үр тогтох цонхоо олж чанартайхан шиг “үзэж тарах” нь дээр.

Сарын тэмдэг: 3-7 хоног

Хуурай: Сарын тэмдгийн дараах 3-4 хоног
Үтрээ үл ялиг чийглэг хэрнээ гарт мэдрэгдэх юмгүй байх ба хурууны үзүүр хуурай шахуу гарч ирнэ. Ялгадасны үйлдвэржилт зогсох тул “цагаан юм” гарахгүй. Зарим бүсгүйчүүдийнх хуурай биш харин өтгөн юм уу наалдамхай болж болно. Энэ үед жирэмслэх магадлал бага.

Усархаг: Овуляц ойртох 3-4 хоног буюу үр тогтох цонх
Ялгадас шингэн, усархаг, тунгалаг, хуруу дагаж урссан мөн хуруу салгахад үл ялиг сунаж болно. Спермийг сав руу хурдан ороход тусална. Дотоожиндоо дусаачихсан юм шиг, биеийн юм хугацаанаасаа түрүүлж ирчихэв үү дээ гэмээр мэдрэмжийг хүртэл төрүүлнэ. Энэ үед жирэмслэх магадлал өндөр.

Өндөгний цагаан: Овуляцийн үе 2 хоног буюу үр тогтох цонх
Ялгадас нойтон, гулгамтгай, сунамтгай, өндөгний цагаан шиг , хуруу салгахад 5 см хүртэл сунахаар байна. Жирэмслэх магадлал хамгийн өндөртэй үе. Спермийг умай руу хурдан саадгүйгээр гулгаж ороход туслахын хажуугаар удаан амьдрах нөхцлийг бүрдүүлдэг.

Наалдамхай: Овуляцийн дараанаас сарын тэмдэг ирэх хүртэлх хугацаа ба энэ үед ялгадас хоёр өөр бүтэцтэй байж болно.
Наалдамхай, цайвар өнгөтэй, цавуулаг, гурилны шингэн зуурмагархуу, суналгүйгээр шууд салж хуруу тус бүрт тогтоно. Наалдамхай чанар нь эр бэлгийн эсэд дээд зэргийн хориг тавьдаг.

Өтгөн:
Өтгөн, сувдан цагаан эсвэл цагаан шаргал өнгөтэй, нягт бүтэцтэй, хурууны хооронд үрэхэд гарын лосьон шиг мэдрэгдэнэ. Эр бэлгийн эсийн хөдөлгөөнд саад учруулж үр тогтох явцыг хорьдог. Жирэмслэх магадлал бага байх юм.

Дээрх зургуудад “цагаан юм”-ны сарын мөчлөгийн үеийн ерөнхий өөрчлөлтийг үзүүллээ. Гэхдээ өөрийнхөө биеийг яг энэ хүснэгтийн дагуу байхыг бүү хүлээгээрэй. Учир нь бүсгүй бүр өөр. Зарим хүнд “хуурай” өдөр нэг ч үгүй байхад зарим нь “усархаг” үеийг алгасаад шууд “өндөгний цагаан” руу орж ч болно. Мөн 28-аас дээш буюу доош мөчлөгтэй хүний хувьд өөрчлөлтийн өдрүүд өөрөөр хуваарилагдана. Гол зүй тогтлыг “цагаан юм” чинь өтгөн, зуурамтгай байвал жирэмслэх магадлал бага, шингэн гулгамтгай бол их гэж ойлгоорой.

Асуулт: Сэрэл хөдлөх үед “өндөгний цагаан” их гардаг юм шиг ээ?
Хариулт:
Сэрлийн шингэнийг “цагаан юм”-тай андуурч болохгүй. Сэрлийн шингэн бол үтрээг чийглэх зориулалттай бөгөөд “өндөгний цагаан”-тай төстэй боловч арай хөнгөн бүтэцтэй. Андуурахгүйн тулд сэрэл хөдөлсний дараа ялгадсаа шалгахгүй байх нь зүйтэй. Дур хүслийн шингэн нь цагийн дотор үгүй болдог.

Асуулт: Биед орсон үрийн шингэнтэй холилдчихсон үед яах вэ?
Хариулт:
Хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсны дараа бидний биед эрэгтэй хүний үрийн шингэн ордог. Тунгалаг, цагаан өнгөтэй, гулгамтгай, магадгүй сунамтгай учир мөн л үтрээний ялгадастай эндүүрэгдэх нь бий. Эндүүрлээс сэргийлэхийн тулд секс хийснээс хойш хагас цагийн дараа кегел хийх, явган суух маягаар үрийн шингэнийг гадагшлуулаарай.

Ямар үед эмнэлэгт хандах вэ?
“Цагаан юм” нь зөвхөн үр тогтох өдрийг тодорхойлох бус, нөхөн үржихүйн эрүүл мэндийн толь ч болж чадна. Тиймээс сарын мөчлөгөөс хамаарсан өөрчлөлтөөс гадна хэвийн, байгалийн бус өөрчлөлтийг ч бас анзаарах хэрэгтэй.

Хэвийн бус өөрчлөлт 1: Хэт их гарах
Хүн бүрийн үтрээний ялгадасны хэмжээ өөр. Зарим эмэгтэйн саванд төрөлхөөсөө олон тооны булчирхай байдгаас их хэмжээний ялгадас гарах нь бий. Мөн жирэмснээс хамгаалах эм, зэсийн агууламжтай спираль, жирэмслэлт үтрээний ялгадсын хэмжээг нэмэгдүүлж мэднэ. Хэрвээ ялгадас гарах нь сүүлийн үед мэдэгдэхүйц ихэссэн бол умайн хүзүүний элэгдэл юм уу шарх үүссэний тэмдэг байж болзошгүй. Дотоож чинь тасралтгүй бохирдож байвал яаралтай эмчид очиж дотуур үзлэг хийлгээрэй. Шарх нь хорт хавдрын эхний үе байх магадлалтай учир хойш сууж огтхон ч болохгүй.

Хэвийн бус өөрчлөлт 2: Хэмжээ нь их, бүтэц нь хөөсөрхөг, үнэр нь таагүй
Бактерийн халдвар байж болзошгүй. Эмнэлэгт очиж нарийн шинжилгээ хийлгэх хэрэгтэй.

Хэвийн бус өөрчлөлт 3: Ээдэмэрхүү ширхэгтэй, өтгөн цагаан бүтэц
Хэрвээ энэ ялгадас нь загатнах, халуу оргихтой хосолж байвал мөөгөнцрийн халдварыг сэжиглэх хэрэгтэй. Мөн хламид ч байж болно. Мазокын шинжилгээ өгч зөв оношлуулан тохиромжтой эмчилгээг хийлгээрэй.

Хэвийн бус өөрчлөлт 4: Шар өнгө
БЗХӨ-нүүдийн нэг гонорей байх магадлалтай. Энэ өвчний үед шар өнгөтэй ялгадас гарахаас гадна хөнгөнөөр бие засах үед халуу оргино.

Хэвийн бус өөрчлөлт 5: Саарал юм уу шар ногоон өнгө
БЗХӨ-нүүдийн нэг трихомониаз байх магадлалтай. “Цагаан юм”-ны өнгө өөрчлөгдөж, өтгөн, гашилсан үнэртэй болохын хажуугаар хөнгөнөөр бие засах, секс хийх үед өвдөлт өгч байвал трихомониаз мөн.

Толь бичиг:
Овуляц-Өндгөн эс гадагшлах хугацаа. Энэ үед саванд сперм орж ирсэн байвал “хос хоёр” түргэн учирч хайрын үрийг боловсруулна гэсэн үг.

Үр тогтох цонх-Сарын бүтэн 30 хоногийн 6-д нь л бид хүүхэд олох боломжтой байдаг гэдгийг мэдэх үү? Энэ үеийг үр тогтох цонх хэмээн нэрлэдэг бөгөөд овуляцаас өмнөх 5 хоногийг тооцож оруулдаг. Учир нь сперм бүтэн 5 хоног амьдрах чадвартай бол өндгөн эс 24 цагийн дараа амьгүй болдог.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(546)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: G.   2017-03-06
Сайн бна уу би одоо 16 тайлдаа тэгээд жилийн өмнөөс цагаан юм гардаг болсон би өмнө нь хүнтэй унтаж байсан лдаа тэгээд бас миний сарын тэмдэг 2 сарын өмнө ирсийн энийг яаж болиулахуу одоо яах вэ

Зочин: X..   2017-01-06
mon xongonoor biy zasaxaar baga zereg xorsoj owdood baix ym ?

Зочин: X..   2017-01-06
Sain baina uu? Bi odoo 20toi 14 honogiin omno naiz zaluutaigaa belgiin xaritsaand orson ym. Tegtel xewlii xesgeer baga zereg xatguulj owdood dooshoo unertei shar zuil garaad baix ym owchin awchixsan ym bolow uu yax ystoi ym bol xelj ogch tuslaach

Зочин: N.   2016-12-25
Ymar ch nuhtsuld belgevchiig zailshgui heregleh yostoi.

Зочин: X.   2016-12-21
Yaraltai emnelegt ochij uzuuleerei l gej helmeer baina, harya duurginhe emnelegt ochood mazok shinjilgee uguud medeh heregtei hervee haldvar avsan bol tsag aldalgui emchilgee hiilgeh heregtei shuu! Emegtei hun uurtuu l anhaarahgui bol hetsuu tegeed ymar ch tohioldold hervee bohir baina gej bodoj baigaa bol yadaj belgevch heregleh heregtei shdee uuriiguu l hairlahgui bol eregtei humuus hetsuu shdee emegtei hunii zovlon oilgohgui

Зочин: Uka.   2016-12-20
Sain baina uu? Bi odoo 18tai. 2 honogiin omno naiz zaluutaigaa anh belgiin haritsaand orson. Gehdee minii anhniih baigaagui ee. Naiz zaluugiin maani ch anhniih bish. Getel, minii setgeld baina uu eswel neerengeesee owchin awchihsan ym bolow uu?? Belgiin haritsaand oroh uyd nadad joohon bohir sanagddsan ldaa. Tuunees hoish Tsagaan ym ih garaad, baga zereg unertei gehdee yamar ch ongogui. ( omno n ch gesen baga zereg unertei baisan gehdee omnohoosoo iluu unertei baigaa ym shig sanagdaad baina.) yg ondgon es bolowsroh ehnii odroo hiisen. Yaah uu? Nadad tuslaach?

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com