ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

25 нас хүртлээ ойлгосон 25 зүйл

Чөлөөт цаг  | 2018 / 01 / 09

“Гэр бүл гэдэг хүний амьдралын хамгийн чухал зүйл гэдгийг, тэднийг халамжилж, хайраа харамгүй өгч, сэтгэлээ илэрхийлж байх хэрэгтэйг ойлгосон. Хэрвээ ингэж чадахгүй бол харамсах өдөр заавал ирдэг юм билээ. Эгч нь үүнийг их орой ойлгосон доо” гэж танилын эгч минь нэг удаа ярихыг би сонсож байсан. Тэгээд ухаарсан тэр цагаасаа өөрийн амьдралаа улам их хайрлаж, гэр бүлдээ их цаг зарцуулж, хөгшин ижий дээрээ байнга очиж, ах дүү нартайгаа үргэлж холбоо барьдаг болсон гэж сэтгэл хангалуун ярьж байсан түүх бий. Энэ явдлаас хойш би “Амьдралдаа би юуг ухаарч ойлгож, сурч мэдэж, алдаж оносон бол?” гэж бодох болсон юм.

25 нас хүртлээ ойлгосон 25 зүйл

Ингээд би өдийг хүртэл сурч мэдсэн, ойлгож ухаарсан зүйлсээ жагсааж бичихээр шийдлээ. Үүнийг бичихийн тулд дор хаяж сүүлийн 5 жилийн амьдралынхаа тухай бодох хэрэг гарсан бөгөөд ийн бичихэд зориулж цаг гарган, хэсэг хугацааг өнгөрсөн амьдралаа эргэцүүлэхэд зориулсан минь надад үр дүнгээ өгсөн. Энэ бол өөрийгөө таньж мэдэх, өөрийгөө ойлгох, өөрийгөө алсаас харж ажиглах, алдаагаа ухаарах, амжилтаа цэгнэх маш том түлхүүр болсон юм. Өнгөрсөн хугацаанд би хэн байсан бэ, одоо хэн байх вэ? гэдэг асуултын хариултыг олоход надад тусалсан. Тиймээс өнөөдөр уншигчдаа өөртэйгөө ярилцахад цаг гаргаасай гээд аяллын 9 дэх өдөрт уриалан дуудаж байна. Заавал туршаад үзээрэй. Эхлээд би 25 нас хүртлээ ойлгосон 25 зүйлээ хуваалцъя.

1. Гэр бүлийн уур амьсгал бүхнээс чухал. Ээж аав нь зөв үлгэр дуурайлтай, ах эгч дүүсийн харилцаа сайн, хоорондоо эв түнжинтэй байх нь хүүхдийн, хүмүүжил, төлөвшил, сурлага, амьдралын хандлагад чухал нөлөөлдөг гэдгийг. Суурь хүмүүжил бүхнээс чухал. Энэ бол миний сурсан, цаашид үр хүүхэддээ ойлгуулах амьдралын минь чухал хичээл гэж боддог,
2. Тооны хичээлдээ сайн бай. Амьдрал дээр гараад томъёо хэрэггүй гэж хүн бүр хэлдэг ч энэ хичээл бол гүйлгээ ухаан сайжруулж, оюун ухааныг дасгалжуулдаг. Амьдралын бүх зүйл дээр хэрэг болох том чадварыг чамд олгоно.
3. Урлаг, спортын аль нэг төрлийг өөрийн болго. Чамайг чадвартай болгохоос гадна бие сэтгэлээ бүрэн дайчилж, тэсвэр хатуужилтай болоход туслана. Үүнийг багаасаа ойлгож, мэдрээгүйдээ би бага зэрэг харамсдаг юм.
4. Найз нөхдөө зөв сонгох хэрэгтэйг. Чамтай хамт дээшээ явж байна уу, чамайг доош нь чангааж байна уу? Сайхан, гоё, бүтээлч зүйлсийн тухай ярьдаг уу, тулга тойрсон амьдрал, хов жив ярьсаар байна уу? Үүнийг заавал анхаар. Учир нь энэ бол чиний хэн байх, аль зүг рүү явах вэ гэдгийг шийдэх нэг чухал хүчин зүйл. Тэр тусмаа их сургуулийн нөхөрлөл хүний амьдралын олон зүйлд том нөлөө үзүүлдэг.
5. Урсгалаараа өнгөрөөсөн цаг хугацааг эргээд юу ч нөхөж чадахгүйг. Чадсан ч маш их цаг зав, маш их мөнгө хэрэг болох болно. Тиймээс амьдралыг зүгээр л “урсаж” өнгөрөөнө гэдэг бол цаг хугацааны гарз, хожмын харамсал юм.
6. Амьдралд үлдэх нэгэн нь үлдэж, явах нэг нь явдаг гэдгийг. Явах учиртай хүн хэчнээн зууралдсан ч явж л орхино, үлдэх учиртай хүн яаж ч хөөсөн дэргэд чинь байх болно.
7. Өөртэйгөө хийх тэмцэл хамгийн хэцүү, хамгийн адармаатай, хамгийн чухал гэдгийг. “Дэлхийг өөрчлөхийг хүсвэл өөрийгөө өөрчил” гэдэг үг бол зүгээр нэг хэлсэн үг биш юм. Үүнд маш том философи бий.
8. Англи хэлийг гаргууд эзэмших хэрэгтэй. Цаг үе өмнөхөөсөө тэс ондоо болон даяарчлагдаж байгаа энэ үед ядаж англи хэлийг сайн эзэмш. Эрт л сур. Хэл гэлтгүй дэлхийн хүн болоход шаардлагатай чадварыг заавал эзэмш, бүр заавал.
9. Өөрийн хийх дуртай зүйлээ аль болох эрт таних хэрэгтэй. Тэгээд түүнийгээ өөрийн “бренд” болтол нь хөгжүүл. Чамайг тодорхойлох зүйлтэй байна гэдэг сайхан бас чухал.
10. Юунд ч их хүлээлт бүү үүсгэ. Ихэнхидээ урам хугалдаг. Найз нөхөд, хайр дурлал, ажил карьер гээд ер нь бүх зүйл дээр.
11. Хорвоо ертөнцийг, амьдралыг, хүмүүсийн харилцааг сайн ажигла. Тэндээс маш их зүйлийг ухаарч мэдэж авна.
12. Итгэлээ хэнд ч бүгдийг нь бүү өг. Итгэл дааж явдаг хүн маш цөөн. Гэхдээ огт байхгүй бас биш.
13. Хийж чадахгүй байх вий гэдэг бодол, хийж чадахгүй бол яана аа гэдэг айдас л хүнийг хойш нь чангаадаг. Намайг одоо ч чангаасаар байна. Гэхдээ л би нэг өдөр үүнээс салах болно.
14. Чи харж л чадвал аз жаргалтай, сайн сайхан, гэрэл гэгээтэй зүйлс маш олон бий. Амьдралын хамгийн нандин зүйлсийг олж харахыг хичээ. Зүгээр л анзаар. Мэдэр. Хайрла. Тэгээд инээмсэглэ.
15. Ахиад л нөгөө ганцаардлын тухай бичих нь. Би багаасаа л гудамныхаа хүүхдүүдтэй тоглохын оронд гэртээ барбигаар тоглож, тэмдэглэлийн дэвтэр дээр юм бичээд л суудаг охин байлаа. Одоо “Том болсон” гэдгээрээ л ондоо. Бусдаар бол ганцаараа байх дуртай хэвшил маань огт өөрчлөгдөөгүй. Харин аав ээжийн маань санаа зовоод байдаг байсан энэ зан маань надад бусдаас хамааралгүйгээр сэтгэл хангалуун байхад сургасан юм. Бүх зүйлд давуу тал бий.
16. Амьдралд алдах учиргүй хүн, алдаж болохгүй цаг хугацаа гэж байдаг.
17. Ямар ч шийдвэрийг сэтгэл хөдлөлөөр гаргаж болохгүй. Сэтгэл хөдлөлөөрөө гаргасан шийдвэр болгон харамсал дагуулдаг.
18. Хүн бол “тал” амьтан. Харин зүрхний, оюун санааны нэг хэсэг нь хаа нэгтээ оршин байдаг. Бид тэднийг хайсаар амьдардаг. Зарим нь эрт, зарим нь оройтож олдог, магадгүй зарим нь олдоггүй байх. Би зүрхний минь нөгөө хэсэг болсон тийм нэг нандин хүмүүсээ олсон гэж боддог. Тэднийхээ итгэлийг дааж, хайрлаж амьдрах л……,
19. Амжилтыг дөрвөн дугуйтай машин гэж үзвэл тууштай байдал бол нэг дугуй нь л гэсэн үг. “Тууштай” чанарыг өөртөө суулгаж чадахгүйгээр хүн урагшилж чадахгүй.
20. Амьдралын хамгийн амттай зүйлсийн нэг бол дурсамж. Хүн дурсамж бүтээхийн тулд амьдардаг гэж боддог. Тэр бол өнгөрснийг бас одоог үнэ цэнтэй болгодог тийм нэг “дулаахан” зүйл юм.
21. Хүн хүндээ л хамгийн эрхэм. Өөр юу ч биш. Ойр дотны хүмүүсээ халамжилж, хайраар дутаахгүй байх нь хүний амьдралын хамгийн том үүрэг хариуцлага, утга учир.
22. Сурахад, мэдэхэд, алдахад, алдаад хөл дээрээ босоход, өөртөө өгсөн амлалтаа биелүүлэхэд хэзээ ч оройтдоггүйг ойлгосон.
23. Өөрөө өөртөө урам зориг өгч чаддаг байх нь хамгийн чухал чадвар бөгөөд өөрийгөө эрч хүчтэй байна гэж бодвол үнэхээр эрч хүчтэй байж чаддаг.
24. Үглэж, сургааль айлдлаа гээд юу ч өөрчлөгдөхгүй бөгөөд нервээ барахын л нэмэр. Харин нөхцөл байдлыг эергээр хүлээн авч, хөгжилтэй байж чадвал илүү үр дүнд хүрэх магадлалтай.
25. Мөрөөдөл бол хүрэх цэг биш харин амьдралын хэв маяг бөгөөд өнөөдөр ч би мөрөөдлөөрөө амьдрах боломжтой ажээ.

Харин чи өдий насанд хүртлээ юу юуг ойлгож авсан бэ? Энэ асуултад хариулж бичээрэй. Мөн бичих үед төрсөн мэдрэмж, бодлоо ч тэмдэглээрэй. Өөрийнхөө ертөнцөөр аялсан энэ 30 хоногийн дараа өөрийнхөө тухай бичсэн 30 хуудас цаас гарт чинь байх ёстой. Учир нь энэ нь өөртөө оруулсан хөрөнгө оруулалт чинь байх болно. Дахиад аяллын 21 өдөр чамд байна. ЭНЭ “Өөрийгөө нээх 30 хоногийн аяллын тэмдэглэл” аялалд нэгдэж туршлагаа хуваалцаарай.

#ӨөрийгөөНээх30ХоногийнАяллынТэмдэглэл # ӨөрийгөөНээБусдыгТань
Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(386)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com