Бид амьдралын өдөр бүрээс суралцаж, өөрийгөө таньж мэдэн, бусдыг ойлгож байдаг шүү дээ. Эдгээр дундаас эрчүүдтэй харилцах харилцаа маань бусдаас илүү бидэнд хүчтэй сэтгэгдэл үлдээдэг болов уу. Тэгвэл чи энэ харилцаанаасаа юуг хамгийн ихээр ойлгож авсан бэ?
- Өдийг хүртэл хэчнээн залуутай уулзаж болзож үзсэнийг тэр гэхэв. Харилцаа маань огт болж өгдөггүй үеүд ч, гайхалтайгаа бүтэх үе ч байдаг байсан. Тэгээд хэдэн жилийн өмнө би ерөөсөө л өөрөөрөө, олон юм бодохгүй байх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Өөрийнхөөрөө байх хэрэгтэйг мэддэг байсан ч нэг л болж өгдөггүй байсан юм. Харин тэр үед надад “аан” гээд л яах ёстой маань толгойд ороод ирсэн. Тэр үеэс хойш би уулзаж болзож байгаа залуусынхаа ямар ажил хийдэг, ямар царайтай, ямар сонирхолтой, нийгмийн байр суурь гэх мэт зүйлсийн талаар эхэн үед нь огт бодохоо больсон. Зүгээр л энгийн байж, уулзаж ярилцаад л, хүнийхээ хувьд хэн нь хэн бэ гэдгээ мэдэлцэх нь л зөв юм билээ. Бас хэчнээн амар болсон гээ! (28 настай А)
- Эрэгтэй эмэгтэй хүмүүс огт өөр байдгийг л маш сайн ойлгосон доо. Хэзээ ч эрэгтэй хүнийг өөртэйгөө адилтган дүгнэж болохгүй юм билээ. Би асуудлыг нэг өнцгөөс харахад эрэгтэй хүн шал өөр талаас нь бодож байдаг. Тийм болохоор тэдэнтэй ойлголцохын тулд эрчүүдийн “хэл”-нээс бага зэрэг суралцах хэрэгтэй гэж санагддаг шүү. Аан бас, өөр гэдгийг нь зүгээр л хүлээн зөвшөөрөх. (33 настай М)
- Нэг талаараа эрэгтэй хүн өөрийгөө эр хүн, эмэгтэй хүн өөрийгөө эмэгтэй гэж мэдрэхийн тулд л бие биетэйгээ хамт байж, гэр бүл зохиодог юм шиг санагддаг. Бие биедээ тийм мэдрэмж өгч чадаж байгаа харилцаа л удаан тогтдог юм билээ. (31 настай С)
Харин одоо чи бидэнтэй туршлагаасаа хуваалцаач!