Өглөөний мэнд найз минь. Энэ өглөөг сайхан зүйл бодож, сайхан үйл явдлаар эхэлсэн биз дээ? Улаанбаатарын нэгэн кофе шопын ханан дээр “Бид жаргахын тулд амьдардаг” гэдэг үг байдаг юм. Үнэндээ тэндхээр үйлчлүүлэх тийм ч таатай биш л дээ. Хэдэн минут суухад л даарч жиндэхээс гадна зөөгч залуу нь бүр нэг хүйтэн хөндий. Гэхдээ л ханан дээр бичээстэй тэр үг надад бусдын үг үйлдэл, байгаа байдлаар аз жаргалаа бүү удирдуул гэж сануулдаг юм.
Их сургуулийн маань ангид дандаа инээмсэглэж явдаг, үргэлж л сайхан зүйлсийн тухай яриа өрнүүлдэг нэг хөөрхөн охин байдаг байлаа. Түүнтэй ярилцахад сэтгэл нэг л хөнгөн болчихно. Асуудлынхаа тухай биш аз жаргалын тухай л бодоод баймаар санагдтал сайхан зүйлс бидэнтэй хуваалцана. Нэг удаа тэр “Яг үнэндээ нийгэм ийм бухимдалтай байхад бид нар хүртэл хөмсгөө зангидаж явах хэрэгтэй гэж үү, хэдүүлээ ядаж эерэг байя, биднээс л бүх зүйл эхэлнэ шүү дээ” гэж хэлсэн юм. Ангийн найзын энэ л үг толгойд минь зурайн үлджээ.
Хэн нэгэн гарч ирээд амьдралыг аз жаргалтай болгохыг, инээд хөөр бэлэглэхийг, чамайг түрүүлж хайрлахыг хүлээгээд байгаа юм биш биз? Эхлээд инээмсэглэдэг бай, түрүүлж мэнд мэд, болж бүтэхгүй биш бүтэлтэй зүйлсийн талаар яриа эхлүүл. Зам түгжрээд байвал буугаад л алхчих, цахилгаан шат ажиллахгүй бол алхаад л гэр лүүгээ орчих, ажлын газрын уур амьсгалаа сайжруулахын тулд сайхан зүйлсийн талаар яриа өрнүүл, хамт олноороо гоё зүйл хийхийг санаачил, бусдын амьдралыг шүүж тунгаах талаар биш сүүлд уншсан сайхан номын талаар бодвол яаж байна?
Бусдыг гэрэлтүүлэхийн тулд эхлээд чи өөрөө гэрэлтэх хэрэгтэй. Энэ бол бүх харилцаанд дээр байх ёстой зүйл юм шүү. Найзууддаа хамгийн сайн найз нь, ээж аавдаа энэрэл ачлалтай охин нь, дүүдээ хамгийн сайн эгч нь, ажилдаа үргэлж л инээмсэглэж явдаг сайн ажилтан нь, олны дунд өөрөөсөө гэрэл цацруулж явдаг бие хүн байгаарай. Сайхан зүйлсийг гаднаас, өрөөл бусдаас эрэлгүй өөрөө эхлүүлдэг байвал чиний хүсэж байгаа сайхан амьдралаа өөрөө л бий болох болно. Бусдыг ургуулна гэж хүлээлгүй сайхан бүхний үрийг тариарай.
Ирэх долоо хоногоос бүгдээрээ өөрөөсөө эхэлж гэрэл түгээе.