ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоо яриа: Эрчүүдийн мөнгөнд хэрхэн хандах ёстой вэ?

Хайр & секс  | 2013 / 11 / 25

Зарим бүсгүйд таалагдахын тулд эрчүүд түрийвчээ харамгүй нээдэг. Нэг сарынхаа цалингаар түүндээ ганцхан даашинз авч өгчихөөд гуч хоногийн турш гараа хоосон халаасанд хийгээд алхахаас ч буцдаггүй. Харин зарим бүсгүйд “Нөхөр маань надад энэ олон жилийн турш юу ч авч өгөөгүй” гэсэн гомдол л байдаг. Адилхан л хүмүүс, адилхан л хайр сэтгэлээрээ учирсан байхад яагаад тийм ялгаа гардаг юм бол?

Гоолингоо яриа: Эрчүүдийн мөнгөнд хэрхэн хандах ёстой вэ?
Түүнийг хайрладаг шигээ мөнгийг нь ч бас хайрлах уу, эсвэл хүч хөдөлмөрөөрөө олсон хөрөнгийг нь өөрийнхөө төлөө зарцуулуулж, түүгээрээ ямар үнэ хүндтэй бүсгүй болохоо харуулах нь зөв үү? Өнгөрсөн Бямба гаригийн уулзалтаар Гоолингоо багийхан энэ талаар нээлттэй ярилцлаа. Өөрийнхөө саналыг ч харамгүй бичээрэй бүсгүйчүүд ээ.

Лароз: Мөнгөндөө харам эрчүүдийн талаар юу гэж бодоцгоодог вэ?

Яаавлаг: Мөнгөнд арвич хямгатай байх нь бас нэг талаар сайн тал л даа. Баруун зүүнгүй цацдаг үрэлгэн зантай бол ирээдүйд хамт амьдрахад хэцүү ш дээ. Гэхдээ найз бүсгүйгээсээ харамлаад байвал онцгүй шүү. Ер нь эрэгтэй хүнээр “авахуулж сурах зан” хэрэгтэй гэж бодож байна уу?

Зулсар: Би ч эрэгтэй хүний өгснийг авч байхад гэмгүй л гэж бодож байна. Яагаад гэвэл тэдний хичээл зүтгэлийг хүндэлж, үнэлэх ёстой.

Шарлотте: Ер нь бол эрчүүдийг эмэгтэй хүнд зарцуулах мөнгөндөө нарийн, нарийн биш гэж хувааж болно. “Giving man”, “Not giving man” гэдэг дээ? Сонирхсон бүсгүйдээ мөнгө зарлагадах нь байх ёстой зүйл гэж боддог эсвэл хаана ч явсан “дэмий” юманд мөнгө үрэхгүй гэж боддог залуу гэсэн үг. Дэмий юм гэдэгт нь бидэнд зориулах зардал ч орчихоод байгаа юм шүү дээ. Анхнаасаа болзоон дээр мөнгөндөө хэрхэн хандаж байна гэдгийг нь харах хэрэгтэй гэж боддог.

Солонгон охин: Хайртай бүсгүйдээ хөдөлмөрлөж олсон зүйлээсээ зориулахдаа сэтгэл хангалуун, баяртай байдаг хүмүүс шүү дээ, эрчүүд чинь.

Яаавлаг: Аанхаан. Эрэгтэй хүн таалагдсан эмэгтэйгээ өөрийн болгохын тулд тодорхой хэмжээний хичээл зүтгэл, санхүүгийн зарлагыг гаргах ёстой. Бас тэр хүнийг мөнгөө зарсандаа сэтгэл дундуур байлгахгүйн тулд эмэгтэй нь өөрийнхөө үнэ цэнийг мэддэг байх хэрэгтэй гэж бодож байна. Чамайг гэж байгаа эр хүний мөнгө болон цагийг өөрийнх нь өмнөөс хайрлах хэрэггүй гэж сонсож байлаа.

Шарлотте: Анхнаасаа тооцооны хуудас ирэхэд “Зөв бодож уу?” гээд л дахин дахин нягталж шалгаж байна уу эсвэл нэг их анзааралгүй, картаа уншуулахаар өгч байна уу? Эмэгтэйдээ таалагдах гэж байдгаараа хичээдэг эхний үедээ ч нарийн зангаа гаргаад л, энд тэндхийн хүмүүстэй мөнгө төгрөгний хэрүүл хийгээд байвал хэцүү л гэсэн үг.

Зулсар: Гэрлээд олон жил болсон хойноо ч нөхрөөсөө ганц цэцгийн баглаа, сайхан бэлэг авч үзээгүй бүсгүйчүүд байдаг шүү дээ. Өөрийн болгосон хойноо юу ч авч өгөхгүй байвал яах вэ?

Яаавлаг: Харин тэгэхээр л анхнаас нь сургачих хэрэгтэй байхгүй юу.

Шарлотте: Ер нь эмэгтэй хүн хэрэглээнийхээ заагийг эхнээсээ мэдрүүлэх хэрэгтэй л дээ. Би “ийм түвшний” л юм хэрэглэдэг, үүнээс чанар муутай бүтээгдэхүүн хэрэглэдэггүй, чаддаггүй гэдгээ түүнд мэдэгдүүлчих. “За, би ч хямдхан тос хэрэглээд л болчихдог юм” гээд хэлчихвэл тэрнээс илүү юмны “царай”-г насан туршдаа харахгүй ч байж мэднэ. Чи авч өгсөн ч бай үгүй ч бай би ийм л юм хэрэглэнэ гээд тогтоочих хэрэгтэй юм л даа. Эмэгтэй хүн өөрөө л өөртөө хамгийн сайхан зүйлсийг зориулж чаддаг байх юм бол эрчүүд ч түүний дагуу хөдөлж, хэрэглэдгээс нь доогуур юм бэлэглэж зүрхэлдэггүй. Ер нь тэгээд авч өгч байгаа зүйлс нь заавал алдартай брэндийн тэнгэрт тулсан үнэтэй байх шаардлагагүй. Зүгээр л өөртөө байгаа зүйлээ хайртай бүсгүйдээ харамгүй зориулж чадаж байна уу гэдэг л байхгүй юу.

Яаавлаг: Өөрийнхөө залуугийн мөнгийг зөвөөр “үрж” байсан “туршлага”-аасаа хуваалцаач?

Лароз: Би бол яг энийг, тэрийг авмаар байна гэж хэлж байсан удаа бараг байхгүй. Харин “Энэ гоё юм тээ” гэж хэлэхээр дараа нь аваад өгчихдөг байсан шд. Би гэхдээ ингэж хэлээд авахуулчих юмсан гэж бодоод хэлж байгаагүй л дээ.

Яаавлаг: Гэхдээ эрчүүд бүсгүйчүүдийг ямар нэг зүйл хараад зүгээр л “Гоё юмаа тээ” гэхээр авахуулмаар байна гэж ойлгодог юм шиг байна лээ.

Солонгон охин: Том алмазан бөгж хараад гоё юмаа гэх юм бол цаадуул чинь хөөрхий дотроо их дарамтанд ордог юм шиг байна лээ шд. Залуугийн боломжоос хэтэрсэн зүйл байвал би бүсгүйдээ ганц юм авч өгж чадсангүй гээд өөрийгөө голж гутардаг.

Шарлотте: Гэсэн ч найз залуутайгаа хамт дэлгүүр хэсэх боломжийг алдахгүй байвал зүгээр. Тэгвэл өөрийнхөө сонирхол, таашаалыг мэдрүүлж, түүнийхээ юунд дуртайг мэдэж болно.

Зулсар: Бүр огт юм авахуулахгүй байх нь ч, байнга авахуулах нь ч хаашаа юм. Хааяа авахуулах хэрэгтэй. Би саяхан дэлгүүүрт явж байтал нэг бүсгүй аягүй гоё улаан даашинз өмсчихсөн тольны урд эргэлдээд л байсан юм. Найз залуу нь хажууд нь сандал дээр суугаад харж байж. Нөгөө бүсгүй худалдагчтай нийлээд л “Надад ёстой гоё зохиж байгаа биз дээ, хайр аа?” гээд л залууг ёстой ухуулж өгч байна аа. Дараа нь ахиж нэг урт цагаан даашинз өмсч үзээд бас л өмнөх шигээ сайхныг нь гайхаад байв. Тэгж тэгж найз залуу нь улаан даашинзны мөнгийг төлөхдөө “Одоо хайрд нь үүнд л хүрэх мөнгө байна. Цагааныг нь дараа авъя, за” гэсэн чинь “Өө, тэгье тэгье. Баярлалаа хайртай шүү” гээд л яваад өгсөн. Үүнээс үзэхэд гоё сайхан байгааг нь магтсаар байгаад авахуулах нэг арга бас байна.

Лароз: Тэгж чадаж байгаа нь давуу тал ч юм шиг.

Шарлотте: Гэхдээ тэрийгээ байнга гаргаж болохгүй л дээ. Нөгөө хүндээ ашиглуулаад байгаа юм шиг сэтгэгдэл хэзээ ч төрүүлж болохгүй. Хааяа хааяахан жинтэй юм авахуулаад, авч өгсөн сэтгэлийг нь л өег үлдээх хэрэгтэй.

Зулсар: Даашинз авахуулсан бүсгүй залуугийнхаа сэтгэлийг харамсахааргүй болгож чадаж байгаа байхгүй юу. “Ёстой гоё даашинз”, “Намайг ёстой гоё харагдуулж байна” гээд л. Амьдралын эрч хүчтэй охин байна лээ.

Лароз: Авч өгсөн хүндээ дараа нь сайхан сэтгэгдэл төрүүлж, баярласан гэдгээ сайн илэрхийлэх хэрэгтэй гэдэг нь харагдаж байна л даа. Бас баярын өдрүүдээр юу авах уу гэж асуухад нь нэрэлхэлгүйгээр өөрийнхөө хэрэгтэй зүйлийг хэлчихвэл хэн хэндээ амар санагддаг. Угаасаа л эрэгтэйчүүдэд өөрийнхөө сонголтоор бүсгүйдээ бэлэг авах нь үргэлж “хэцүү асуудал” байдаг.

Яаавлаг: “Өө, яах юм” эсвэл “Юу ч байсан яахав дээ” гэж хэлэх ер нь дэмий л гэж боддог. Залуу нь ч сүүлдээ сэтгэл гаргахаа больчихно. Яс юман дээрээ эмэгтэйчүүд бид чинь юу ч байсан яахав гэж боддоггүй л хүмүүс шүү дээ. “Тийм юм байвал гоё доо” гэсэн төсөөлөл дотор нь байдаг л улс.

Ndin: Чамайг дэлгүүрийн лангуун дээрээс тийм ч том биш, өөрөө яг одоо ч мөнгөө гаргаад авчих боломжтой юмыг хараад “Ямар гоё юм бэ” гэсэн чинь “Авах уу” гэж асуувал яах вэ? Өөрөө мөнгө гаргаж ирээд авчихъя гэхээр нөгөө залууд эвгүй байдаг. Тэгье авъя гэж хариулах гэхээр бас жаахан хэцүү...

Солонгон охин: “Чи авч өгмөөр байвал болно ш дээ” гэдэг ч юм уу, тиймэрхүү юм хэлээд авахуулсан нь зүгээр байх.

Яаавлаг: Хэрвээ түүнийг ирээдүйн нөхрөө болгохоор “онилж” байвал өөртөө юм авахуулж дасгах хэрэгтэй л дээ. Тэгэхээр том, жижиг нь хамаагүй, авч өгье гэсэн үед нь авахуулж л байх хэрэгтэй.

Солонгон охин: Надад нэг асуулт байна аа. Найз залуу чинь чамайг баярлуулахыг чин сэтгэлээсээ хүссэндээ өндөр үнэтэй очир эрдэнийн шигтгээтэй бөгж авч өглөө. Гэтэл загвар нь огт таалагдахгүй байвал яах вэ?

Зулсар: Би лав хадгална аа. Тэгээд хэдэн жилийн дараа надад загвар нь таалагдаж магадгүй шд.

Яаавлаг: Боломжтой бол өөр загвартайгаар солиулна.

Ndin: Хэрвээ загварыг нь л чухалчилж, энэ л зохино доо гээд бодон бодон авсан байвал яах вэ?

Яаавлаг: Тэгвэл би зүгээр л зүүнэ. Яагаад гэвэл тэр чинь очир эрдэнэ шүү дээ.

Лароз: Би ч гэсэн зүүнэ ээ.

Ndin: Би бол өөртэй нь уулзахдаа л зүүнэ. Бусад үед нь зүүхгүй байх аа.

Солонгон охин: Хос хоёр бие биенийхээ амталгаа, мэдрэмж, сонголтыг сайн мэдэж байх хэрэгтэй гэж би боддог. Саяхан нээрээ би найз залуутайгаа хамт үнэртэй усны дэлгүүр орсон юм. Бие биенийхээ үнэрний “вкус”-ыг мэдэхийн тулд би эрэгтэй усны тасгаар, тэр эмэгтэй усны тасгаар явлаа л даа. Сүүлд нь бие биедээ үнэрлэсэн уснуудаасаа хамгийн таалагдсанаа хэлсэн чинь миний эрэгтэй усны сонирхол түүнийхтэй, түүнийх минийхтэй яг таарч байсан шүү. Тэгээд л бие биедээ авч өгсөн юм даа. Их сонирхолтой юм билээ. Иймэрхүү аргаар юунд дуртайг нь мэдэж авч болно.

Тиффани: Ёстой гоё арга байна. Нээрээ зарим залуус эмэгтэйдээ юм авч өгчихөөд хариу хараад байдаг эсвэл бид нарт өртэй юм шиг сэтгэгдэл төрөх тохиолдол байдаг.

Яаавлаг: Өөртөө дурласан залуугаас бэлэг авсныхаа төлөө өөрийгөө өртэй гэж бодно гэдэг чинь үнэ цэнээ багаар үнэлээд, тийм зүйлийг ч хүртэх эрхгүй бүсгүй гэж бодоод байгаа хэрэг юм биш үү? Харин хариу нэхээд байвал түүнийг нь өгөх, өгөхгүй нь бидний л мэдлийн асуудал шд, тийм биз дээ? Баглаа цэцэг, ганц удаагийн орой хоолныхоо хариуд ямар нэг юм нэхээд байвал угийн л харамч залуу гэсэн үг. Харин тэрэнд нь ямар нэг зүйлээр хариу барих ёстой гэж ойлгож байвал тэр эмэгтэй өөрийгөө цэцэг, оройн хоолоор үнэлж байгаагаас ялгаа байгаа гэж үү? Биднийг гуйгаагүй байхад эрчүүд өөрсдөө л барьж гүйдэг шд. Тэгэхээр тэрэнд тохирох хариу нь баярлалаа, гоё юмаа, таалагдаж байна, дахин баярлалаа гэсэн үг л гэж би бодож байна.

Алиса: Тийн тийн. Надад нэг залуу 101 сарнай өгч байсан юм л даа. Ер нь дандаа л цэцэг авч өгдөг. Тэгээд би зүгээр л баярлалаа гэж хэлдэг.

Шарлотте: Манай найз саяхан байраа солиод шинэ машин авсан юм. Одоо амралтаараа Америк, Перу бас өөр 4,5 газраар аялаад ирэх гэж байгаа. Найз залуу нь бүгдийг нь дааж байгаа гэсэн. Найз охин маань ч өөрийнхөө үнэ цэнийг мэдрүүлж чадсан, залуу нь ч эмэгтэйдээ мөнгө зарцуулахаа үүрэг гээд бодчихсон байгаа юм. Гэтэл бүсгүй нь ч эрэгтэй хүнээс санхүүгийн тал дээр бүрэн хамааралгүй байхыг хүсдэг, залуу нь ч хөлдүү хосууд бас байгаа л даа.

Зулсар: Би хэдэн жилийн өмнө нэг юм уншиж байсан юм. Аливаа залуугийн мөнгийг үрнэ гэдэг нь тухайн эр 2000 долларын цалинтай байсан ч сүүлд нь автобусны мөнгөтэй л үлдээхийг хэлдэг гээд.

Солонгон охин: Та нарт тэгж автобусны л мөнгөтэй үлдээж байсан тохиолдол бий юу?

Яаавлаг: Тийм тохиолдол бараг л байхгүй байх аа. Би нэг залуутай болзож байхдаа тооцоогоо би өөрөө хийчихье гэсэн чинь “Чи намайг доромжиллоо” гээд уурласан. Би хэд хэдэн ч удаа тийм байдалд орж байсан болохоор одоо түрийвчээ гаргалгүй дуугүй л суудаг болсон доо.

Зулсар: Би л лав цаашдаа хамт байна гэж бодохгүй байгаа залуугаараа юм авахуулахыг хүсдэггүй юм байна аа. Тийм болохоор, түүнийг болзоот залууд чухалчилан тооцохгүй байгаагаа харуулахын тулд тооцоогоо өөрөө хийдэг.

Солонгон охин: Санхүүгийн хувьд эрэгтэй нь давуу байх нь сайхан харилцааны түлхүүр гэдэг шдээ. Гэхдээ сүүлийн үед сайтынхаа сэтгэгдэл, захидлуудыг харахад эмэгтэйгээрээ даалгах сонирхолтой эрчүүд олширсон шиг байгаа юм л даа. Энэ талаар та нар минь ямар бодолтой байна?

Зулсар: Ёстой л харилцааны онцлогоос шалтгаалах байх. Эмэгтэй нь эрэгтэйгээ гуйсаар байгаад давраачихсан ч юм уу.

Ndin: Хэрвээ тэр эрэгтэй санхүүгийн боломж муутай байвал мөнгө бага зарлагадах болзооны газрыг сонгож болно шдээ.

Лароз: Гэхдээ ямар харилцаатайгаас шалтгаална шүү дээ. Өмнөх найз залуу маань машинаа мөргөлдүүлээд арваад сая төгрөгний засварын өрөнд орчихсон байсан хэдэн сарын хугацаанд би лав бүх цалингийнхаа талыг түүнд өгдөг байсан. Би ч нэг их юм бодоогүй, тэр ч нэг их юм бодоогүй.

Солонгон охин: Миний нэг таньдаг бүсгүй өөрөөсөө 6 ах, 30-тай залуутай уулздаг байхгүй юу. Тэгсэн чинь хамгийн сонин нь тэр хоёрын хамтдаа өнгөрөөсөн цаг, болзоо, хоносон буудлын мөнгөний ихэнхийг танил маань өөрөө гаргадаг гэсэн. Энэ тухай нь сонсоод муу эр хүн байна даа л гэж бодож байлаа.

Яаавлаг: Тэр залууд өөр нэг татах зүйл байгаа л байх л даа.

Лароз: Харин тийм юмнаас өөрийгөө авч гарч, хянаж чадна гэдэг чинь эмэгтэй хүний зан байх ёстой юм биш үү.

Зулсар: Ер нь эмэгтэй хүн эрчүүдээр авахуулах тал дээр сэтгэлгээгээ л нийцүүлэх хэрэгтэй юм байна. Түүнийхээ мөнгийг үрээд яахав дээ гэж бодох хэрэггүй. Түүний л мөнгө шүү дээ. Юунд зарах нь түүний л санаа зовох асуудал шд. Чамд үрж байгаагаасаа илүүг олж байгаа учраас л зарцуулж байна гэсэн үг ээ. Тийм болохоор өмнөөс нь битгий санаа зов оо. Мөнгө бол зүгээр л хэрэгсэл ш дээ, тэ? Тэгсэн мөртлөө л мөнгө өөрийгөө бас хайртыгаа үнэлэх үнэлэмжийг тодорхойлоход оролцоод л байгаа юм. Хэдий хайр дурлал мөнгөнөөс ямар ч хамааралгүй боловч түүнийг өөрийнхөө төлөө гар хөдөлгөөсэй гэж хүсч байвал бас ирээдүйд “Тэр надад өдий олон жил юу ч авч өгөөгүй” гэдэг гомдлын үг хэлэхийг хүсэхгүй байгаа бол мөнгийг нь хааяа ч гэсэн хайрлахгүй байх хэрэгтэй гэсэн дүгнэлтэнд хүрч байх шиг байна.

Солонгон Охин: Мэдээж нөхрийн цалин бол гэр бүлийн орлогын нэг хэсэг учраас хэмнэх үедээ хэмнэж, хэрэгцээгүй зарлага гаргахгүй байх нь эхнэр хүний үүрэг. Гэхдээ нөхрөө төрсөн өдрөөр чинь “Чамайг дэмий юманд мөнгө үрлээ гэж уурлах байх гэж бодоод юм авсангүй” гэж хэлдэг залуу болгохгүйн тулд, өөрийнхөө төлөө нэмэлт “хичээл зүтгэл” гаргуулдаг байлгахын тулд нарийн ухаан гаргах хэрэгтэй. Залуу нь 50-иас арай илүү хувийн зориулалт гаргадаг харилцаа амжилттай байдаг нь ажиглагддаг.

Харин чи эрчүүдийн мөнгөнд яаж хандах ёстой гэж боддог вэ?

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(516)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com