Ээж болсноос хойших нэг жилийн хугацаа минь сэтгэл зүйн хувьд хамгийн их хэлбэлзэлтэй бөгөөд хямралтай цаг үе байсан билээ. Бурханаас бэлэг болгон заяасан бяцхан зулзагадаа хамаг анхаарлаа хандуулан, түүнийхээ хажуугаар сайн гэрийн эзэгтэйн үүргийг биелүүлж, нөхрөө халамжлан суух нь мэдээж тэр чигтээ аз жаргал байлгүй яахав. Гэхдээ үүнтэй зэрэгцэн өөр хоорондоо ялгахын эцэсгүй өнгөрөн одох өдөр хоногууд, нийгмийн харилцаанд огтхон ч орж чадахгүй байгаагаас үүдэн үүсэх ганцаардлаас болж нэг л хоосон, өөртөө гутарсан мэдрэмжүүдийг мэдэрч эхэлсэн юм.
Эхэн үедээ энэ мэдрэмжиндээ хөтлөгдөн гуниж гутарч, нөхөртөө шалтгаангүйгээр уурлан, өөрийнхөө гадаад төрх байдлаасаа болж хангалттай их бухимдсан. Баяртай мэдээ гэвэл, би сэтгэл гутрал, эморлынхоо асуудалд нэг л өдөр цэг тавьж чадсан. Яаж вэ гэж үү, хамгийн түрүүнд би “гэрийн эзэгтэй”, ээж” гэсэн хайрцагнаасаа гарч сэтгэн, өөрийгөө чадах хэрээрээ завгүй байлган, хувь хүнийхээ хувьд өсөн дэвжихийг хүсэж эхлэн хандлагаа тэр чигт нь өөрчилсөн юм. Хэрвээ энэ нийтлэлийг уншиж суугаа бүсгүй чи дөнгөж амаржаад удаагүй байгаа бол, хүүхэддээ анхаарал хандуулахынхаа хажуугаар хувь хүнийхээ хувьд өсөн дэвшихийг хүсэж байгаа бол, хүүхдээ харах хугацаагаа илүү бүтээлчээр, аз жаргалтайгаар өнгөрүүлэхийг хүсэж байгаа бол чамд минь миний энэхүү бяцхан түүх бага ч гэсэн урам зориг нэмж магадгүй.