“Сайн байна уу? Гоолингоо. Гайхалтай номоо ахин хэвлүүлж бидэнд хүргэж байгаад баярлалаа. Амьдрал минь ид шидийн гэмээр сайхан байна. Мөн 7 хоног бүрт бичиж тэмдэглэсэн зүйлс минь бүгд биелэж бүтээд урамтай байгаа шүү. Нээж үзүүлмээр л байна, даанч маш хувийнх болохоор нууцлаад үлдээе… Аз жаргалтай, уйтгар гунигтай амьдралд минь өнгө нэмж, зоригжуулж, эрхлүүлж, дандаа хамт байдагт баярлалаа. Яг бууж өгөх үед гоё нийтлэл ороод л урам зориг аваад л, даваад л гарчихдаг... Яг эргэлзээд эхэлтэл зүглүүлж, чиглүүлж өгдөг. Миний амьдралд яг л тааруулаад байгаа мэт, их хачирхалтай…”
Сар орчмын өмнө “Амралтын өдрийн шуудан” номын зурагтай хамт Гоолингоод нь ийм нэгэн зурвас ирсэн юм. Бусдад өгч байгаа урам зориг хэд дахин үржигдэж эргээд бидэнд ирдэг нь дэндүү сайхан. Өгнө гэдэг авахаасаа илүү жаргал байдгийг уншигчдынхаа үргэлж илгээдэг захиа, зурвасаас ихээр мэдэрдэг юм. 7 жилийн турш бичсэн нарны зурагтай, ням гараг бүр ордог шуудангаасаа хамгийн гэгээлэг, урам зориг бэлэглэх хэсгүүдээс хуваалцаж байна. Сэтгэлийн “гэртээ” гэрэл гэгээ нэмье.