Бүсгүй хүн бүрт хувцас загварын тухай шунал хөдөлгөм бодол, онцгой төсөөллүүд бий. Зарим нь оюун санаандаа бий болгосон онцгой тэр загвараа дэлгүүрээс худалдаж авдаг бол зарим нь өөрөө урлаж өмсдөг. Харин зарим нь бусдад хүссэн загварын хувцсаа өмсөн өөртөө итгэлтэй алхахад нь тусалдаг.

Энэ удаагийн ярилцлагаараа бид 3 дахь хэсэгт багтах нэгэн бүсгүйтэй дотно ярилцсанаа хүргэж байна. Түүнийг Б.Хишигмаа гэдэг. Нөхөр охины хамт амьдардаг. 2016 оны зунаас мөрөөдлөө биелэл болгохоор зориг шулуудан
NANDIN эмэгтэйчүүдийн хувцасны брендийг үүсгэн байгуулжээ.
“Өдөр бүр өөрийгөө ялан дийлэхийн төлөө зориулна. Өө үгүй юм байна. Өөртэйгөө харилцан, хамтран ажиллахад зориулна! Бас ирэх жилийн хавар гэхэд өөрийн коллекциосоо өдөр бүр нэг хувцсыг ээлжлэн шилж өмсдөг болно” гэж та “Мөрөөдөлд бэлэглэх бэлэг” номын оршил хэсэгт бичсэн байдаг. Одоо ингээд харахад NANDIN эмэгтэйчүүдийн өдөр тутмын хувцасны брендтэй болсон байна. Бичиж байсан энэ мөрөөдөл, өөртөө өгсөн амлалт тань биелчихсэн бололтой?
Хүүхэд байхаасаа л хувцсанд их ач холбогдол өгдөг байсан. Яг хүссэн хувцсаа толгойндоо зураглачихсан л явдаг байлаа. Гэхдээ тэр болгон маань биелээд, яг хүссэн хувцсаа өмсөөд явна гэдэг тэр бүр биелэхгүй шүү дээ. Ээж маань хүссэн шиг үргэлж шинэ хувцас авч өгөхгүй, байгаагаа л өмс гэдэг. Харин үнэхээр байгаа хувцаснуудаа хольж солиод, янзлаад өмсчихөөр ээж, дүү хоёр маань “Ийм хувцас манайд байсан бил үү, шинэ юм уу” гэж их асууна. Гэхдээ хувцсыг хооронд нь зохицуулж өмсөх, шинэ хэв маяг зохиох хоббитой байснаас яг өөрөө юм оёх тал дээрээ ур дүй муутай байсан. Хүүхэд байхад хөдөлмөрийн хичээл дээр төсөөлсөн гоё загвараа санаснаараа оёж огт чаддаггүй байлаа. Тэгээд л хувцас урлах тал дээр аль хэдийн буугаад өгчихсөн, үнэхээр гарын дүйгүй юм байна гэдгээ хүлээн зөвшөөрсөн (инээв).
Гэсэн хэрнээ өдөр шөнөгүй л хувцас боддог хэвээрээ. Ингэж хувцаслах юм сан, гадаа хүйтэн ч биш дулаахан ч биш энэ үед яг ийм л хувцас өмсмөөр байна, дэрвэгэр хормойтой, хар улаан өнгө хосолсон цув өмсөөд алхах юмсан гэх зэргээр үргэлж л толгойд эргэлдэнэ. Тиймдээ ч хувцас оёж чадахгүй болохоор тэр хүсэл минь бодит болно гэж огт төсөөлж байгаагүй. Тухайн үедээ мөрөөдлөөс хэтрэхгүй юм шиг л санагддаг байсан.
Сэтгүүлчээр сурангаа ажиллаад, дараа нь нөхөртэйгөө танилцаж гэр бүл зохиолоо. Нөгөө төсөөллүүд маань мөрөөдөл хэвээрээ л. Харин охиноо төрүүлсний дараа, гэртээ суух хугацаанд “NANDIN” маань мэндэлж, мөрөөдөл маань бодит болох боломж олдсон юм. Сүүлийн 2 жилийн хугацаанд миний хувцасны шүүгээ дан
NANDIN -ын хувцсаар дүүрсэн. Цүнх, өсгийтэй гутал, жийнс зэргийг л худалдаж авна. Сүүлдээ өөрийнхөө хийгээгүй хувцсыг өмсөх ямар билээ гэдгийг мартчихсан юм шиг байна лээ (инээв).
NANDIN-г эхэлж байсан нандин түүхүүсээ хуваалцаач? Төсөөллөө бодитоор буулгах тэр мэдрэмж ямар байсан бэ?
Хийлгэхийг хүсэж байгаа загвараа оёдолчиндоо сайн ойлгуулж чадахгүй байх, эсвэл хүссэн шиг маань гүйцэтгэлтэй болохгүй байх үеүдэд л их санаагаар унадаг байсан мэт боловч яг ингээд эргүүлээд бодохоор хэцүү, шантармаар зүйл бараг байгаагүй юм шиг санагдаж байна. Анх удаа каталогийн зураг авалт хийж үзэхэд огт танихгүй модел, огт танихгүй зурагчинтайгаа хэрхэн зөв хамтарч ажиллах вэ, бие биенээ огт мэдэхгүй хүмүүсийн дунд дулаан уур амьсгал яаж бий болгох вэ, зураг авалтаа хэрхэн хүсэж байгаа шигээ болгох вэ гээд бүх л зүйлтэй нүүр тулж байсан. Хэцүү гэхээсээ илүү, сорилт хичээл гэж хүлээж авсан. Одоо ч гэсэн үргэлж л шинэ зүйл, шинэ нөхцөл байдлууд үүсдэг. Тэдгээр зүйл надад хичээлээ заасаар л байгаа. Жижгээс эхлээд том асуудлуудаа шийдэх бүртээ илүү их чадваржсан юм шиг, хүчтэй болсон юм шиг мэдрэмжүүд төрдөг. Мөрөөдлөө ажил хэрэг болгохоор шийдсэн бол үүсэж байгаа сорил, бэрхшээл бүрийг аз жаргал, боломж, хичээл гэж хүлээж аваад хийх хэрэгтэй гэдгийг ойлгож авсан.
NANDIN брендийн бүсгүйчүүддээ өгдөг үнэ цэн юу вэ? Мөн хийсэн зүйлээсээ эргүүлээд өөрөө авдаг үнэт зүйл, ажлаасаа мэдэрдэг сэтгэл ханамжийн тухайд
Сэтгэл ханамжийг “баруун солгойгүй л” авч байна даа (инээв). Магадгүй энэ нь тууштай байсны үр дүн байх. Сар болгон шинэ хувцасны каталог гаргана, сар болгон модел олж зураг авалт хийнэ гэдэг амаргүй. Ажиллагаа их шаарддаг хэдий ч тэр хэрээрээ сэтгэл ханамжтай байдаг. Дуртай зүйлээ хийдэг учраас тийм болов уу? гэж бодож байна.
Жишээлбэл 10 сарын каталогийн зургаа оруулаад дууссны дараа 11 сарын каталог хэзээ гарах вэ? гэж бүсгүйчүүд маань асуудаг. Хүсэн хүлээдэг болсон нь хэрэглэгчдийн маань хувьд ч, бидний хувьд ч нэлээдгүй үнэ цэнтэй зүйл. Миний өмсөхийг хүсдэг хувцаснуудыг өөр хүмүүс ч мөн өмсөхийг хүсдэг юм байна гэдгийг мэдрэх их гоё. Өөрийгөө энэ тал дээр азтай эмэгтэй гэж боддог шүү.
Цаашид төлөвлөж байгаа ажлаасаа сонирхуулаач?
Анх эхлүүлэхдээ брендийн маань замнал ямар байх вэ гээд л боддог байлаа. Эхлээд онлайн худалдаагаа хөгжүүлээд, дараа нь албан ёсны дэлгүүртэй болоод, тэгээд олон улсад гарах ёстой болов уу гээд л төсөөлж байлаа. Гэхдээ энэ төсөөлөл маань одоо тэр чигээрээ өөрчлөгдсөн. Дэлгүүр нээхээсээ илүүтэй онлайн худалдаагаа илүү боловсронгуй болгож, үйлчлүүлэгчид маань ямар ч асуудалгүйгээр хүссэн загварынхаа хувцсыг илүү хялбараар авах боломжтой болгохыг зорьж байгаа.
Бүтээлч санаагаа хэрхэн олж, юунаас урам зориг авдаг вэ?
Хэрэгцээгээ мэдэрч ойлгосон тийм зүйл л надад илүү бүтээлч байх сэдлийг төрүүлдэг. Анзаарсан бол NANDIN-ын загварууд өдөр тутамд өмсөх боломжийг бүрэн гаргаж өгсөн байдаг. 11 сарын каталог гэхэд уур амьсгал, цаг агаар болоод энэ сардаа хийж болох зүйлстэй нь тохируулна, оффисын ажил хийдэг бол тэр нөхцөлд нь зориулсан загвар гаргахыг хүсдэг. Эмэгтэй хүн бүрт хувцсаараа дамжуулан сэтгэл өөдрөг байлгах тэр л мэдрэмжийг бүтээх нь зорилго маань.
Бие даан бизнес эрхлэхийн онцлог нь юу вэ? Өөрт төрдөг мэдрэмжүүдээс хуваалцахгүй юу?
Эхлээд хэцүүг нь дурдья. Хэцүү зүйл нь зөвхөн чи л бүх шийдвэрийг гаргах хэрэгтэй болно. Хүмүүс чамд зөвлөгөөгөө харамгүй өгсөн ч чамд хангалттай санагдахгүй. Учир нь хийж байгаа зүйлээ чи өөрөө л хамгийн сайн мэдэж байгаа шүү дээ. Хүн бүр өөр өөрийнхөө өнцгөөс зөвлөдөг. Тиймээс авахыг нь аваад, өөрийнхөө хийж байгаа зүйлтэйгээ уялдуулан, сайтар бодон, эрсдлийг нь тооцоолох хэрэгтэй. Эцсийн шийдвэрийг чи өөрөө л хийнэ, алдсан ч оносон ч чиний л хариуцлага болдог. Анх удаа хийж үзэж байгаа, мэргэжлийн бус хүний хувьд хувцас хийхдээ материалаа буруу сонгохоос авахуулаад алдаа маань өрөөстэй бий. Өнгө нь таалагдсан болохоор л авчихсан юм. Дараа нь бүх зарсан хувцаснуудаа эргүүлээд татсан ч тохиолдол байна.
Харин давуу тал нь өнөөдөр “Чи ийм зүйл хийгээрэй, ингээрэй, тэгээрэй” гэж хэн нэгэн хэлэхгүй. Чи өнөөдөр юу хиймээр байна яг түүнийгээ л хийж болно. Надад энэ давуу тал нь үнэхээр их таалагддаг. Учир нь би ээж, эхнэрийнхээ ажилд маш их дуртай. Өдөржин гэртээ байж, нөхөр охин хоёроо ажил хичээлээсээ ирэхийг нь хүлээж, амттай хоол хийж, дуртай киногоо үзээд зав чөлөөтэй байх дуртай. Тиймээс бие дааж бизнес эрхлэх нь хүссэн зүйлээ, хүссэн хугацаандаа хийх боломжийг олгодог.
Хувийн бизнесээ эхлүүлсэн, эсвэл эхлүүлэх гэж байгаа хүмүүс юун дээр анхаарч, юуг анзаарч байх хэрэгтэй байдаг юм бол?
Хамгийн чухал нь өөрийгөө голохгүй байх. Миний хувьд хувцасны мөрөөдлөө эрт эхлээгүй шалтгаан нь өөрийгөө голж байснаас л үүдэлтэй. Хэзээ ч өөрийгөө чадна гэж бодож байгаагүй. “Надад гарын эв дүй байхгүй, сайн оёж чаддаггүй, тийм болохоор миний хувцас хийнэ гэж юу байхав дээ” гэж боддог байсан.
Мөн чадаж байгаа тэр зүйлээ л хийх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Эхний удаадаа хүсэж байгаа шиг чинь үр дүнг авчрахгүй байж болох ч, боломжиндоо тааруулаад их бага хэмжээгээр хийж үзэх хэрэгтэй. Яг тэр байдлыг ч “NANDIN” дээрээ мэдэрч байлаа. Хийсэн зүйл маань анх сэтгэлд хүрэхгүй байх үед “яана аа, би ийм л зүйл хийх юм байхдаа” гэж боддогдож байсан. Гэтэл анхнаасаа төгс байдаг зүйл гэж үгүй, харин хийх тусмаа л илүү сайжирдаг юм билээ. 101% -ын бүтээл шууд хийх биш, анх 15%-ын зүйл хийсэн ч тэр нь цаашлаад 25,45,75, 100%-ын гүйцэтгэлтэй болно.
Ямарваа ажлыг эхлэхдээ хамгийн гол цөм нь болсон зүйлээ нэн түрүүнд тодорхойлох хэрэгтэй. Тэр нь чиний чин сэтгэлээс урган гарсан зүйл байх ёстой. Харин ажлын цөм болсон чухал зүйл нь тов тодорхой болчихсоны ажил бага багаар урагшилж, эхэн үед тодорхойгүй байсан тэр зүйл илүү ойлгомжтой болж эхэлсэн байдаг. Дараа нь тууштай байх. Энэ мэдээж хамгийн чухал. Хүн юм бүхэнд тууштай байх боломж байхгүй. Харин чин сэтгэлээсээ хүсэж байгаа зүйлдээ л тууштай хандаж, шантрахгүй байж чаддаг юм билээ. Хийж байгаа зүйлсдээ өөрийгөө ядраахгүй байж, аль болох хөгжилтэйгөөр, хөнгөхөнөөр тууштай байдлаа үргэлжлүүлсээр байх хэрэгтэй.
Таны хувьд тухайн хүнд нөхцөл байдлыг хөгжилтэй, хөнгөн болгоход тусалдаг зүйл юу вэ?
Ирэх сарын каталог илүү гоё болно гэдэг бодол надад үргэлж төрдөг. Дараа нь яг хүссэндээ хүртэл хийнэ гэж хичээгээд явах нь маш их эрч хүч өгнө. Ажил төлөвлөснөөр явахгүй байх, хэт давчуу хугацаанд гүйцэтгэх, хамтран ажиллахад үл ойлголцол гарах зэрэг зүйлс мэдээж тохиолдоно. Яг тэр үеүддээ би гэртээ хариад нүүрээ цэвэрлэж, үсээ дээш нь боож байгаад сайхан амттай хоол хийгээд, охинтойгоо тоглодог. Бас нөхөртэйгөө хамт өглөө охиноо цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд дуртай газраа өглөөний цайгаа ууж зарим өглөөг эхлүүлнэ. Ийм зүйлс л сэтгэл заслын эмчилгээ болж, өөрийгөө асуудлаас чөлөөлөхөд сайн тусладаг шүү. Хоёр өдөр гэртээ “бүгээд” амьсгаа авсныхаа дараа “За, одоо үзүүлээд өгье, ямар шийдэх асуудал байна” гээд л эрч хүчтэй ажилдаа буцаад ордог.
Үргэлж цэнэглэж, урам зориг өгдөг үг юу вэ?
Яг өчигдөр сонссон “Өөрөөрөө бахархах хүртлээ хий” гэдэг үгийг онцолмоор байна. Хүн ямар ч хэмжээнд очоод тэр зорилгоо биелүүлж болно. Харин өөрөөрөө л бахархах хүртлээ тэр зүйлээ хийнэ гэдэг хамгийн чухал зүйл юм шиг санагдсан.
Өөрийнхөө хийж байгаа зүйлийг оноогоор дүгнэвэл?
10-аас 6-г өгөх байсан болов уу. Өөрөөрөө бахарлуулах хүртлээ хийх ахиад ч олон зүйлс байгаа. Гэхдээ эмэгтэй хүний өөрийгөө голдог зөнгөөр ч хангалттай оноо өгч чадахгүй байж магадгүй. Манай нөхөр бол өөртөө 10-аас 10-ыг өгөх байх (инээв).
Ярилцлагынхаа энэ хэсгийг эхлэхээс өмнө “нөхөртэйгээ танилцснаас хойш, охиноо төрүүлснээс хойш зорилго минь илүү тодорхой болж, амьдралын утга учиртай болсон. Яг яаж амьдрах ёстойгоо илүү их ойлгосон” хэмээн түүний хэлснийг онцлъё. Эмэгтэй хүн бүрийн хувьд хүүхэд төрүүлэх, хүмүүн бүтээх гэдэг амьдралых нь хамгийн онцгой, хамгийн гайхалтай, хамгийн үнэ цэнтэй үе байдаг билээ.
Жирэмсний тестен дээрээс анх 2 зураас харсан тэр мөч таны болон танай гэр бүлийн хувьд ямар мэдээ байсан бэ?
Эргэлт буцалтгүйгээр бие биенээ хайрлаж, энэ хүнтэй л амьдралыг туулна гэдэг тийм мэдрэмж бодлууд өөрийн эрхгүй төрдөг, өөрөөсөө “Бид хоёр үнэхээр амьдарч чадах болов уу” гэж нэг удаа ч асуух бодол орж ирдэггүй тийм үедээ бид баяртай мэдээгээ хүлээж авсан. Хүүхдийн маань нэр аль хэдийн бэлэн, төлөвлөгдчихсөн байлаа.
Дөнгөж ээж болсон Хишгээд одоо юу гэж зөвлөх байсан бэ?
“Их битгий идээрэй, амттанаас аль болох татгалзаарай” гэж захих байсан. Жирэмсэн болсноосоо хойш зах хязгааргүйгээр нөхөртөө эрхэлчихэж байгаа юм. Амттай юмнаас хэзээ ч татгалзахгүй, ажилдаа яваад ирэхэд нь бүтэн уут амттан идчихсэн сууж л байдаг байлаа. Тэгээд жирэмсэн байх хугацаандаа 30 кг нэмсэн. Төрснийхөө дараа жингээ хасна даа гэж бодож байгаа хэрнээ л амттанаас татгалздаггүй хэвээрээ байлаа, тэр зуршлаа тухайн үедээ өөрчилж чадаагүй учраас өөртөө ингэж л зөвлөх байсан.
Охиныхоо хүмүүжил болоод хөгжлийн тал дээр хэрхэн анхаарч байна?
Өөрийгөө “хичээдэг ээж” л гэж тодорхойлно. Бид хоёрыг гээд зориод ирсэн охиндоо үргэлж талархдаг. Талархаж байгаагийнхаа хариуд ээж аав нь юу хийж өгч чадах вэ гэж байнга бодно. Охиноо “Ийм хүн болоосой, тийм хүн болвол гоё оо” гэж нөхөр бид хоёр боддоггүй. Харин охин маань хүссэн зүйлээ л хийгээсэй, жаргалтай амьдрах замыг сонгоосой л гэж хүсдэг. Хүн савныхаа хэмжээгээр шийдвэр гаргадаг гэдэг. Тэр савыг нь аав ээж нь чадах чинээгээрээ тэлж өгөх сөн, тэр хэрээрээ охиныхоо хорвоог харах ертөнцийг нь илүү том болгож өгөхсөн гэж л их боддог шүү.
Мөн хийж байгаа зүйлст нь саад болохгүй байхыг хичээдэг. “Чи үүнийг ингэж болохгүй, наадахаа боль” гэж хэлээд сурах, танин мэдэх үйлд нь садаа болохгүй байх сан гэж боддог. Учир нь бидний бяцхануудад хийж байгаа бүх зүйл нь өөрт нь адал явдал, цоо шинэ зүйлс байдаг.
Харин том хүн тэдгээрийг нь аль хэдийн хийгээд, туршаад үзчихсэн,“үүнийг хийгээд дэмий дээ” гэдгийг мдээд байгаа болохоор “Боль” гэж хэлэх гээд байдаг. Гэхдээ хүүхдэд маань тэр зүйл ерөөсөө л цоо шинэ зүйл, адал явдал байгаа байхгүй юу. Тэгэхээр өөрөө хийгээд л, өөрөө алдаж үзээд, болох болохгүйг нь мэдээд авах хэрэгтэй гэж боддог.
Хүүхдийн хүмүүжлийн талаар сонсож байсан хамгийн үнэтэй зөвлөгөө юу вэ?
Хүүхэд маань хэт эрх болчихно гэж айхгүйгээр хайрлах ёстой гэдэг юм билээ. Тултал нь хайрлаад, тултал нь халамжлах хэрэгтэй. Хайр гэж юу байдгийг мэдэрсэн хүүхэд буруу шийдвэр гаргадаггүй. Хэн нэг залуу хайрлаж байна гээд дүр үзүүлж болно. Сайхан үг хэлээд л, сайхан газраар дагуулж яваад л, өдөр бүр цэцгээр баярлуулаад л. Харин хайранд өссөн хүүхэд үүнийг хайр мөн үү биш үү гэдгийг хүртэл ялгаж чаддаг болдог.
Ээж хүн, эзэгтэй хүн болоод таны амьдралд гарсан өөрчлөлт юу байсан бэ?
Ерөөсөө миний амьдралын хамгийн гоё өөрчлөлт бол ээж хүн, эхнэр хүн болсон минь. Өмнө нь элдэв зүйл бодоод л, гуниглаад л, өөртэйгөө ярилцаад л, цаг зав дэндүү ихтэй байсан. Харин нөхөртэйгээ танилцснаас хойш, охиноо төрүүлснээс хойш зорилго маань ч илүү тодорхой болж, амьдралын утга учиртай болсон. Яг яаж амьдрах ёстойгоо илүү их ойлгосон.
Хүүхэд ээж аавдаа хичээл зааж өгдөг гэдэг. Охин нь танд амьдралын ямар хичээлийг сургасан бэ?
Намайг үргэлж тэвчээртэй байхыг, ядрахгүй байхыг сургасан. Хичнээн олон ажил давхцсан байлаа ч охиныхоо төлөө огт ядрахгүйгээр эрч хүчтэйгээр юм хийхийг сургасан. Ээж болсны дараа хоёр өдрийг унтаад өнгөрүүлчихье гэж хэзээ ч бодогдохгүй. Нэг өдөр ч гэсэн агаарт гаръя, музей үзүүлье, хамтдаа ямар нэг бүтээлч зүйл хийе гэх зэргээр хичээж хойшоо суухгүй байхыг сургасан гэж боддог. Ээж болохоос өмнө өөрөө л ээж аавдаа эрхлээд, амттай хоол идээд, ном уншаад, зурагт үзээд л хэвтдэг шүү дээ (инээв). Одоо бол өөрөө амрах тухай биш охиноо л илүү амрааж, аль болох тайван байх нөхцлийг бүрдүүлэхийг хичээдэг.
Хувь хүн талаас, ээж хүн талаас үзэл бодол хандлагыг чинь өөрчилсөн ном санал болгооч гэвэл?
Хүүхэд байхдаа уншсан номууд хүнийг амьдралын харах өнцгөө олж авахад хамгийн их нөлөөлдөг гэж боддог учраас охиндоо уншуулах номнуудад нь анхаарахыг хичээдэг. Миний хувьд Жуль Верны “Капитан Грантын хүүхдүүд” зохиолыг хүүхэд байхдаа олон давтаж уншсан. Адал явдалт хүүхдийн зохиол л доо. Тэр ном байгаа нөхцөл байдалдаа тохируулаад байж чадах хамгийн сайн шийдвэрийг хэрхэн гаргах тухай маш сайн заадаг. Түүнээс хойш “Тун муу асуудал байна” гэж хэзээ ч шаналахаа болж, оронд нь “Тиймхэн л нөхцөл байдал байна, гэхдээ энэ үед гаргаж болох хамгийн сайн шийдвэр нь юу байж болох вэ?” гэж боддог болсон. Үнэхээр муу нөхцөлд сайн шийдвэр гаргаж чадсан бол өөртөө огт хатуу ханддаггүй, сайн байна гэж сэтгэлээ урамшуулаад л явдаг.
Гэр бүлийн харилцаа бат бөх байхад нөлөөлдөг хамгийн чухал зүйл юу вэ?
Бие биенээ ойлгох юм болов уу. Бид хоёр анх холын зайн үерхлээс эхэлсэн, хоёр талд. Тиймдээ ч нэг нэгэндээ хамгийн сайн сайхан зүйлээ харуулаад, бусад царай муутай чанараа тас нуугаад гэрлэчихсэн байгаа юм. Хамт амьдраад эхлэхэд өөрсдийнхөө талаар мэдэхгүй зүйлс олон гарч ирж, “Яагаад чи ийм юм бэ” гэж хүртэл асууж байлаа. Харин одоо бол “Энэ хүн байж чадах хамгийн сайнаараа л байгаа” гэж бодогддог. Нөхөр минь одоо ч хийдэг ажлаа хийгээд л, би хийдэг зүйлээ үргэлжлүүлээд л, бүх зүйл байрандаа л байгаа. Гэхдээ өмнөхөөсөө ялгаатай нь бие биенээ байгаагаар нь хүлээн зөвшөөрдөг болсон. Тэр ойлголцол л хамгийн чухал юм билээ.
Төрсний дараах хямралыг хэрхэн давж байсан бэ?
Яг хямрах үе ирэх тэр үедээ
NANDIN -аа эхлүүлж таарсан. Тийм болохоор сөрөг нөлөөгүйгээр, нөхөртөө дарамтгүйгээр даваад гарсан шүү(инээв). Гэхдээ үргэлж л нөхөр маань надад ахиад илүү халамж гаргачихвал би аз жаргалтай байх юм шиг санагддаг юм билээ. Анх харилцаа эхлээд үерхэх үед чамайг өдөр бүр баярлуулаад л, үргэлж хайрлаж халамжлаад л байх юм шиг санагдана. Гэхдээ энэ байдал хамтран амьдрахад өөрчлөгддөг. Энэ үед эхнэр хүн өөрөө зөв чигийг нөхөртөө гаргаж өгөх хэрэгтэй байдаг юм байна гэдгийг ойлгосон. “Ийм зүйлийг халамж гэдэг шүү, үүнийг би хайр, жинхэнэ сэтгэл гэж боддог шүү” гээд нөхрөөсөө хүсч байгаа тэр зүйлээ эхлээд өөрөө харуулах хэрэгтэй. Хэцүү сонсогдож байгаа ч хийгээд эхлэвэл маш хөгжилтэй.
Жишээлбэл манай нөхөр нэг завгүй болоод эхэлчихээрээ маш ажил ихтэй болчихдог. Тэр үед нь нөхрөө хэт завгүй байдлаас нь “татаж авах” ямар нэг зүйл ойр ойрхон сэднэ. “Би билет захиалчихсан, өнөө орой кино үзье”, үзмээр байсан тоглолтынх нь тасалбарыг аваад мессэж илгээх, эсвэл “Гэртээ ирэхдээ цэцэг аваад ирээрэй, NANDIN-ийн зурганд ашиглах гэсэн юм аа” гэх зэргээр санаачлагыг өөрөө гаргаж эхлэнэ. Яг хүсдэг, өөртөө болоосой гэж боддог сайхан зүйлсээ түүндээ зааж өгөх хэрэгтэй юм билээ. Яагаад гэвэл нөхөр чинь түүнийг нь мэдэхгүй байх бүрэн боломжтой шүү дээ.
Гэр бүлийн аз жаргалтай байдал, сайн сайхан харилцаанд эмэгтэй хүн хэрхэн нөлөөлдөг гэж та боддог вэ?
Нийтлэг ойлголтоор эмэгтэй хүн маш их ачаа үүрдэг гэж хардаг. Гэхдээ нөгөө талаас нь хараад үзвэл эмэгтэй хүнд маш их эрх мэдэл төвлөрсөн байдаг. Үүнийг ачаа гэж харах уу, надад олгогдож байгаа эрх мэдэл гэж харах уу? гэдгээ хүн өөрөө л шийднэ. Жишээлэхэд гэрийнхнээ ямар орчинд, ямар гэр оронд амьдрахыг эмэгтэй хүн шийдэж болно, ямар хоол идэхийг нь хүртэл шийддэг. Эдгээр нь гэр бүлийн уур амьсгал болоод гишүүдийн сэтгэл зүй ямар байхыг тодорхойлж өгч байдаг. Тиймээс эмэгтэй хүн өөртөө байгаа тэр эрх мэдлээ яаж зөв зохион байгуулж, захиран зарцуулах вэ гэж бодвол илүү зөв арга замуудыг олж, зөв шийдвэр гаргаж чаддаг байх.
Гоо сайхан хүний өөрийн мөн чанарт оршдог гэдэгт бид итгэдэг
Жинхэнэ мөрөөдөл үргэлж сайхан зүйл байдаг гэдэгт бид итгэдэг.
Мөрөөдөл бол хүрэх цэг биш амьдралын хэв маяг гэдэгт бид итгэдэг.
Эмэгтэйчүүд гэр бүлийн аз жаргалыг удирддаг гэдэгт бид итгэдэг
Сайн өөрчлөлтийг эерэг арга замаар авчирч болно гэдэгт бид итгэдэг.