Хооллох нарийн ширийн соёлын тухайд түр азная. Харин хоолны ширээний ард ааваасаа үлгэрлэсэн амьдралын 3 хичээлийг энд бичлээ. Хооллож сурна гэдэг ажил, амьдралын олон талбарт биеэ зөв авч явах, өөрийгөө болон бусдыг хүндэтгэх соёлд суралцах, амьдралаас энгийн зүйлсийг ч таашааж чаддаг байхад сургадаг юм билээ.
Оройн хоолны цаг бол гэр бүлийн дотно уулзах мөч гэдгийг ойлгосон
Өглөө гэрээсээ гараад л орой ажил хичээлээсээ ирдэг завгүй цаг үеийн бидэнд цуглаж, оройн хоолны цаг л хамтдаа хооллож, халуун яриа өрнүүлэх жинхэнэ боломжийг олгодог. Бие биенийхээ ажил хэрхэн өрнөж байгааг асууж, дүү нар сургууль цэцэрлэг дээрээс сурсан зүйлээ хуваалцаж, манай гэрийн “босс” хамгийн бага дүүгийн өдөр бүхний шинэхэн паянгуудыг ярьж гэр дүүрэн инээлддэг. Мөн аавын ээжийн залуу насны тухай сонсох боломж хоолны цагаар, хоолны ширээний ард илүү их олддог. Тэр ч утгаараа бидний хоолны цаг магадгүй бусад айлынхаас арай урт ч байж мэдэх байх. Ажил амьдралын олон асуудал биднийг зовоодог нь үнэн ч гэртээ хоолны ширээний ард, гэр бүлийнхэнтэйгээ хооллох тэр хугацаанд бүхий л саар зүйлс мартагддаг.
via GIPHY
Бусдын яриаг анхааралтай бөгөөд дуустал нь сонсож байхыг сурсан
Хоолны ширээний ард суухдаа хэт чанга ярихгүй байх, нэг нэгнээсээ илүү гарах гэж чанга дуу чимээ үүсгэхгүй байхыг, бусдын тухтай байдлыг алдуулахгүйг мөн л ааваасаа сурсан. Тэр ч утгаараа гэр бүлийнхээ хэн нэгэн гишүүнийг ярьж эхлэхэд бид чимээ тавин сонсож, хооллож байхдаа ч тухайн хүндээ анхаарлаа хандуулдаг. Энэ нь тухайн цагтаа манай гэрийн л хоолны ширээний ард өрнөдөг зүйл ч ажлын хамт олонтойгоо, найз нөхөдтэйгээ, шинэхэн танилуудтайгаа хооллох бүрт тэдний яриаг хүндэтгэн чих тавин сонсож сурахад хүргэсэн юм. Маргалдах, мэтгэлцэх, нэгнээсээ илүү гарах гэж чанга ярих нь хоолны ширээний ард хамгийн зохисгүй үйлдэл болохыг аав минь багаас сургасан хэрэг. Ер нь хоол идэж байх үед хамгийн сайхан яриа өрнөдөг гэдэгт би одоо ч итгэлтэй явдаг шүү. Мөн хэн нэгэн чиний яриаг анхааралтай сонсож байгаа гэдгийг хамтрагчдаа ойлгуулахад энэ цаг мөн л тохиромжтой.
via GIPHY
“Хоолны цагаар зөвхөн хооллох” буюу хоолоо амтархан, таашаан идэхийг сурсан
Энэ магадгүй миний сурсан хамuийн чухал хичээл байх. Аав хооллох бүртээ (ямар ч төрлийн хоол) амтыг нь улам гоё болгож, хооронд нь хольж хутгаж, хийсэн зарим хоолон дээр шинэ жор үүсгэж таатай нь аргагүй таашаан хооллодог. Тэгээд бүр удаанаас удаан иднэ гээч. Хоолны ширээнээс хамгий сүүлд босдог хүн нь ч манай аав. Мөн хооллож байхдаа утсаа оролдох, компьютерийн болон ажлын ширээний араас хооллох, өөр зүйл хийх зэргийг тийм ч таашаадаггүй бөгөөд тийм тохиолдол гарах бүрт “Тайван хоолло, эхлээд хоолоо сайхан идчих, ээж чинь ийм гоё хоол хийсэн байна, тиймээс эхлээд тайван хоолло. Ажлаа дараа нь бол, утсаа дараа нь бол” гэдэг. Утсаа оролдож байсан нэгэн нь утсаа тавьж, ажлаа хийж байсан нэгэн нь түр хойшлуулан эхлээд зөвхөн хооллоходоо л анхаарал хандуулж эхэлнэ. Тиймдээ ч миний хувьд хоолондоо ихэд анхаарал тавих нь зохистой хооллох, идсэн хүнс ходоодонд шингэх, “амтархан идэж чаддаг байх” зэрэг эерэг өөрчлөлтүүдийг авчирсан. Харин эсрэгээсээ утас оролдох, давхар өөр зүйл хийх бүрт холлшихгүйгээр үл барам үргэлж тавгүй мэдрэмж төрүүлдэг. Хэрэв аав ингэж заагаагүйсэн бол би хоолыг зөвхөн ходоодоо дүүргэх гэж, ажлын хажуугаар яаран хам хум идээд зуршчих байсан гэдэгтэй одоо ч итгэлтэй боддог юм.
via GIPHY
“Хоолыг таашааж идэж чаддаг хүн амьдралын бусад зүйлсийг ч таашааж чаддаг гэдэг” гэдэг энэ үгийг нэгэн зохиолчийн намтар ном дээрээс уншиж байлаа. Хоолоо амтархан идэж, амт чанар, идэж байгаа орчин нөхцөлдөө анхаарал тавьж чаддаг хүн бусад зүйлийг ч “амтлах, мэдрэх, таашаах” тал дээрээ нарийн ханддаг гэдэг юм билээ. Энэ бол миний ааваасаа хоолны ширээний ард сурсан хамгийн суурь үнэт зүйл, чухал хичээл болсон юм.