Бүсгүй бүрийн дотоод ертөнц өөрийн гэсэн гоо чанартай, өөр өөрийнхөөрөө давтагдашгүй. Давтагдашгүй байх тусмаа утга учиртай.
Таныг Mind of a Mongol нэртэй цахим хаягуудаар нь мэдэх юм. Анзаараад байхад загварын ертөнцтэй, урлагтай ойрхон юм шиг санагддаг. Юу нь таныг тэгэж их татдаг юм бэ? Торго дурдангийн өөдөс дунд өссөн болоод загварын ертөнцөд сонирхолтой болсон байж мэднэ. Эмээ маань төрийн тусгай оёдолчин уран гартай хүн байлаа. Тэрээр гэртээ урлагханг бүтээж би бөс даавууг хувцас болох үйлийг харсаар энэ уран сайхан гайхалтай ертөнц рүү өөрийн мэдэлгүй татагдсан. Миний хувьд хувцасыг түүх соёлын илэрхийлэлтэй өмсөж эдлэх гэдэг оршихуйгаа дэлгэж харуулах, өөрийн хүндэтгэлийг бусдад үзүүлж байгаагийн шинж. Урлаг, гоо зүй хүний төрөлхийн мэдрэмжийг сэргээж, хөглөж бас хөгийг алдуулдаг гэж боддог. Үгийн бяд хүрэхгүй зүйлийг өнгө, дүрс, ая гэх мэт нь илэрхийлж нөхөөд байхад урлагийг өөрийнхөөрөө мэдэрч сонирхохгүй байхын аргагүй байдаг л даа.
Өөрийн сонирхдог зүйлээ ажил мэргэжил болгож чадсан бололтой. Стилист мэргэжлийнхээ онцлог, онцгой талуудыг дурдаач? Баярлалаа. Би загварын сургууль төгссөн мэргэжлийн стилист хүн биш. Цэвэр мэдрэмжээрээ хувцас өмсгөлтэй харьцдаг. Миний хийдэг зүйл гэвэл байгаа онож эдлэл хэрэглэлээ өмсөж зүүхэд туслах. Хэн нэгний хувийн стилист хийх гэдэг нь дотоод хүнийг нь гадагшаа зөв орчуулж илэрхийлэх юм уу даа. Жишээлбэл би гоё харагдахыг хүссэн хүнтэй гар нийлдэггүй. Байгаа тань гоё байхад түүнээс илүүг би хийж дийлэхгүй. Харин хувь хүн маань шийдэмгий, хүчтэй ч зан чанар маань даруу төлөв. Тренд дагаж хувцасламааргүй байдаг үүнийг яаж шийдэх вэ? гэвэл би хамтарч шүүгээнээс тань хувцас сонголцож чадна. Шаардлагагүй бол шинээр хувцас худалдаж авахыг дэмждэггүй.
Бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлж, урам зоригтой байхад нөлөөлдөг зүйлсээ дурдаач? Хайрцагнаас гадна сэтгэ гэж зөвлөөд байдаг. Хайрцаг гэж байхгүй ш дээ! Хааяа үүнийг санах хэрэгтэй. Тэрийг мэдсэн байхад хязгааргүй сэтгэнэ гэсэн үг. Заавал бүтээлч байх албагүй. Зах хязгааргүй төсөөлөөд, сэтгээд ирэхээр хийж бүтээх “дон”, эрч хүч өөрөө ирдэг. Тэгээд тэрийг өөрийнхөөрөө илэрхийлэхэд л болно.
“Хүү минь миний их багш” гэсэн түүний эшлэлээр ярилцлагынхаа 2 дахь хэсгийг эхлүүлж байна. Ээж гэх нэрийг дагаад ирдэг аз жаргал, дурсамж сургамжуудын талаар түүнтэй ярилцлаа. 3 жилийн өмнө ээж гэх эрхэм алдрыг авсан юм билээ. Эх хүн болсон нандин түүхээсээ хуваалцаач? Миний хүү ээждээ мөн хорвоод ирэх гэж яарсаар төрөх хугацаанаасаа 2 сарын өмнө ирж билээ. Америк улсад сахиуртай эмнэлэг ховор. Хүүгээ төрүүлээд 2 хоногтой байхад нь эмнэлэгт орхиж явахаас ээж хүн сэтгэлийн хаттай байх, үр хүүхдийнхээ төлөө нулимсаа дотогшоо залгих чадамжтай байх гээд ихийг ойлгосон. Хүү дээрээ очих гээд нийтийн тээвэрт суугаад явж байхад янз бүрийн амьдралтай төрөл бүрийн хүмүүсийг харна. Эдгээр хүмүүс энэ хорвоод ирэхдээ миний хүүгээс өөрцгүй цэцэг цэврүү шиг амьтад ирсэн дээ гэж хайр асгарч нэг тийм бүгдийг бүтнээр нь хайрлах эхийн хайр сэтгэл ирж байсан. Тэр мэдрэмжийг ер мартдаггүй. Энэ хугацаанд хүү нь танд амьдралын ямар хичээлүүдийг зааж байна вэ? Хөөрхөн асуулт. Хүү минь миний их багш. Хүүхдийн гэнэн цайлган, мэдрэмтгий, итгэмтгий, сэтгэл хөдлөлөө нуудаггүй, уурлах, айх гэх мэт хүний төрөлхийн зан чанаруудыг минь дахин сэрээсэн. Тэвчээргүй байхыг сурч байна хэхэ. Ер нь яагаад ямар нэгэн зүйлийг буруу гэдгийг мэдсээр байж тэвчиж хүлээцтэй байдаг юм. Хүүхэд шиг шударга байж жинхэнэ ойлголцолд хүрэх гэх мэт том зэрэг ахисан амьд хичээлд сууж байна аа би. Хүүгээсээ би өөрийгөө тольддог шүү.
Хүүтэйгээ өнгөрөөж байгаа цаг хугацаанаас хамгийн дурсамжтай болоод сургамжтай түүхийг хуваалцвал? Дурсамж дүүрэн өдрүүдийн нэг нь хамтдаа үүл харж хүүгийнхээ юу төсөөлж байгааг сонссон өдөр. Шалбаагт хамт үсрэх, бие биенийхээ зүрхийг чагнах гэх мэт хамгийн гэж хэлж болохгүй дурсамжтай мөчүүд олон бий. Тэдний ертөнц үнэхээр хөөрхөн бас нандин. Сургамжтай түүх: хүү маань харанхуйгаас айдаггүй байхад би гэртээ орох гэж яарах даа мангас ярьж хүүдээ айдас мэдрүүлсэндээ харамсдаг. Харанхуй гэх зүйлээс үүрд айдаг болгосон мэт гэмтэй явдаг. Томчууд бид хийж буй үйлдэл, ярьж байгаа үгээ зөв гаргах ёстой. Чиний юу хэлэх чинь чухал ч яаж хэлэх чинь бүр чухал гэдгийг санаж явхад илүүдэхгүй байх. Хүүхдийн хүмүүжлийн тал дээр хэрхэн анхаардаг вэ? Ээж бүр өөр өөрийн гэсэн онцгой арга барилтай байдаг шүү дээ. Яаж төрөлх өгөгдлийг нь эвдэлгүй гэрийн болон нийгмийн дүрэм журмыг зааж сургах вэ гэдэг дээр ойрд толгой их ажиллаж байна даа. Болохгүй, Баа баа, Ий гэдгээр бүгдийг хаацайлж тайлбарлахгүй аль болох өөрөө хийгээд үз болохгүй бол ээж нь туслая гэсэн баримтлалаар л үзээд байна. Чи хэдийгээр хүүхэд боловч чиний үзэл бодол, байр суурь нөлөөтэй гэдгийг ойлгуулах, нэгнийгээ хүндэлж хайрлаж байгаагаа биеэр үзүүлэх гэх мэт зүйлс дээр илүү анхаардаг. Би хүүтэйгээ хөгжим сонсож бүжиглэх дуртай. Өөрийгөө илэрхийлж дүрсэлж болох арга замуудыг зааж сургаж байна гэж мунхаглан боддог билээ. Цэцэрлэг дээрээ үсэг заалгаж сургуулийн боловсрол авах үед нь би ер тийшээ ордоггүй. Яг үнэндээ болно болохгүй гэсэн олон дүрэмдээ тунг нь тааруулж уян хатан байх гээд л гэрт холион бантан болдог л доо (инээв).
Ээж болсон болон ээж болохоор бэлтгэж байгаа бүсгүйчүүлд өөрийн зүгээс юуг аминчлан захих вэ? Хоёр зураас харж бие давхар гэдгээ мэдсээр л бид интернет, ном сэтгүүл эргүүлж эргэн тойрны ээж эмэгтэйчүүдээс (гаднаас) мэдээлэл цуглуулж эхэлдэг. Гэтэл эх хүний зөн билэг гэдэг хөхөнд сүү орсон үед хэнээр ч заалгахгүйгээр ирдэг нэг тийм мэдрэмж байдгийг мартаж болохгүй. Тэр мэдрэмжийг барьж аваарай. Тэгсэн байхад гаднаас уншиж судалсан мэдээллүүдийг өөрийн болгож хүүхэд дээрээ хэрэгжүүлэхэд төхөм болдог. Эх үрийн холбоог та хоёроос өөр хүн мэдэхгүй ойлгохгүй. Үүнийг хадгалж яваарай! Хүүхэд болгон өөр ээж болгон өөр! Өөрийгөө бусад ээжүүдтэй хүүхдээ бусад хүүхдүүдтэй битгий харьцуулж жишээрэй гэж хэлье даа.