Зуны налгар өдрүүдийг хураар усалсан өнгөрсөн долоо хоногт баярлалаа. Харин энэ долоо хоногт бидэнд гайхамшгийг бэлдсэн гэдэгт итгэлтэй байна. Магадгүй доор бичсэн зүйлсийн аль нэг нь чамайг тийш нь хөтлөх ч юм билүү?
Мартаж болохгүй Монгол уламжлал
Таван хошуу малаасаа айдаг, айраг цагаан идээгээ хэрхэн бэлдэхийг мэддэггүй Монгол бүсгүй байж яахан болох билээ. Биднийг бусад улс үндэстнээс ялгаж, байгальдаа хайртай ард түмэн хэвээр минь байлгадаг зүйл бол эртнээс уламжилж ирсэн бидний зан заншил шүү дээ. Хэдий бид суурьшмал амьдралдаа дасан зохицоод нэлээд хугацаа өнгөрч байгаа ч нүүдэлчин ёсоо мэддэг, мэдэхгүй хүмүүст зааж өгч чаддаг байх хэрэгтэй. Надтай санал нийлж байгаа бүх Гоолингоо бүсгүйчүүдэд нэг гоё мэдээ дуулгахад эдгээрийг тун хөгжилтэй, сайхнаар сурч болох нэгэн аяллыг саяхан олж дууллаа. 2 –хон хоног явчихаад ирэх ч хонь, ямаа, үхэр сааж, саасан сүүгээрээ өрөм загсааж, тараг бүрж, айраг, ааруул, ээзгий хийж, бяслаг шахаж, архи нэрж сурна. Бас хонь, малаа хэрхэн, яаж хариулах, сур элдэх, элдсэн сураараа хазаар, чөдөр, ногт хэрхэн хийх болон Монгол наадгай хийж наадаж сурна гээд бод доо! Гоё байгаа биз? Аан тэгээд бас төлбөр нь боломжийн. Яадаг юм, явчихаад ир! Харин дэлгэрэнгүй мэдээллийг нь ЭНДЭЭС аваарай.
Плэйлистээ шинэчил – Cafune
Чихэнд чинь гүн гүнзгийгээр мэдрэгдэж, өөр ертөнцөд аваачих чадалтай шинэхэн Монгол Youtube сувгийг мэдээд аваарай. Плэйлист дунд чинь томоохон байр суурь эзэлж, байн байн орж шалгадаг үндсэн суваг чинь ч болчихож мэдэх юм шүү. Ийм төрлийн хөгжим миний хэв маяг биш гэж бодож байсан ч нэг туршаад үзэхийг чамдаа зөвлөе. Бүх зүйлд нээлттэй хандах сайхан шүү дээ. Хаяг нь ЭНЭ байна.
Давхар ашигтай дажгүйгээр барах уу гоё уралдаанд оролцоорой
Хэрвээ чи @delguurhesye инстаграм, Дэлгүүр Хэсье фэйсбүүк хуудас хоёрыг дагавал нэг биш олон дэлгүүрүүд чам дээр өөрөө ирнэ. Яаж гэдгийг өнөөдрөөс эхэлж байгаа “Дэлгүүр хэсье” инстаграм уралдаанаас мэдэх боломжтой юм. Энэ уралдаанд оролцсон оролцоогүй аль аль нь ашигтай. Учир нь оролцоод ялагч болвол Наран Их дэлгүүрийн брэндүүдээс зөндөө гоё шагналууд авна. Оролцолгүй найз нөхдөө дэмжиж эсвэл зүгээр л хүмүүсийн зургийг хараад суусан ч хаана ямар гоё дэлгүүр, бүтээгдэхүүн байгааг ядах юмгүй мэдээд авчихна. Харин уралдаанд оролцохын тулд ердөө л 7 хоног бүрийн сэдвийн дагуу өөрт байгаа гоё хувцас хэрэглэлийнхээ зургийг гоё мэдрэмжтэйгээр аваад инстаграмдаа постлох юм. Тун хялбархан бөгөөд ганц оролцогчдод биш бүгдэд хэрэгтэй дээр нь нэмээд гоё шагналтай уралдаанд ЭНД дарж нэгдээрэй.
Номын тэмдэглэлийн дэвтэртэй бол
Энэ долоо хоногоос цоо шинэ, гоё бас хэрэгтэй зуршлыг өөрсөддөө суулгацгаая. Энэ бол уншсан ном бүрийнхээ тэмдэглэлийг хөтлөх юм. Тэмдэглэл чинь заавал үйлдэл бүрээр дэлгэрүүлэн зохиол шиг болох шаардлагагүй ба сэтгэгдэл төрүүлсэн хэсэг, эргээд санаж явах сургамжтай зүйлс болон өөрийн төсөөлөл, бодол зэргийг багцлаад бичихэд л болно. Тухайн номыг уншсан хэрнээ хэсэг хугацааны дараа огт уншиж байгаагүй юм шиг мартчихсан байдаг даа. Дээрхийн дагуу бичиж тэмдэглэснээр ойлгосноо илүү бататгаж, тархиндаа цээжилнэ. Мөн дараа нь ч чамд хэрэгтэй. Яг одоо ямар ном уншиж байгаа түүнийгээ дуусгаад багахан цаг гаргаж тэмдэглэл бичээд тавьчихаарай. Үүндээ зориулж нэг дэвтэр гаргачихвал бүр ч гоё доо. Тэр дэвтэр дээр хамгийн сайхан, хэрэгтэй бүхэн цуглана гэсэн үг.