Ид шидийн мэт нууцлаг ертөнц
Итгэл, сэтгэлийн дундаршгүй ундарга
Ихэмсэг тансагийн хүртэшгүй оргил
"Гоолингоо" чи миний эрдэнэсийн сан
Яагаад ч юм бэ би энэхүү захидалыг бичиж суухдаа маш их догдолж, ямар нэгэн гайхамшигийг хүлээн буй мэт байлаа. Эрхэм найз Гоолингоо чамдаа хэний ч мэдэхгүй, бяцхан нууцаа хуваалцахаар яаран яаран бичиж сууна.
Одоогоос сарын өмнө харцанд минь бүдэрсэн тэрхүү азтай эсвэл азгүй залуутайгаа өөрийн биеэр танилцах боломж олдсон юм. Бид одоогоор чатаар харьцдаг ч анхандаа би "өө бурхан минь, түүнийг би заавал өөрийн болгоно” гэж дотроо хашгирсан. Үнэндээ өмнө нь тийм итгэлтэй, ихэмсэг бардам байгаагүй юм шүү. Харин түүний тухайд гэвэл надаас 8 насаар ах, өөртөө итгэлтэй, хаа хүрэхээ мэддэг нэгэн. Гэхдээ тэр эхнэр, хүүхэдтэй байсан. Тиймээ байсан. Харамсалтай нь салаад хагас жил болсон.
Бид хоёрт зан чанар, үзэл бодлын хувьд адилхан зүйл дэндүү олон байлаа. Ингээд бид хааяа амьдрал, үнэ цэнэ,хайр дурлалын талаар нээлттэй ярилцана. Энэ бүх сэдвүүд надад туршлага ухаарал, хайрлаж байсан бол, түүний хувьд би нууцлаг, хашир, итгэмж муутай охин байсан биз. Арга ч үгүй биз дээ. Сэтгэлдээ авсан шарх минь эдгээгүй байлаа. Би айж бас хаширлаж байсан. Удалгүй тэр намайг хамт кино үзэхийг урьсан. Гэхдээ би хариу хэлээгүй л байна. Өдөр хоног өнгөрсөөр...
23 нас хүрсэн ч би гэдэг хүн хорвоог нэг л нүдээр харж байснаа ухаарсан юм. Юм бүхэнд туйлын үнэн гэж байхгүй,туйлын цэг ч гэж байхгүй. Туйлшрал энэ л миний хүлээс,айдас байсныг анзаарсан. Туйлшрал энэ бол хаа хүрэхээ мэддэггүй хэзээ зогсохоо мэддэггүй хурдан галт тэрэг. Гэвч бид хичнээн бүтэлгүйтэл, шархалсан зүрхтэй байлаа ч аливаад нээлттэй байх нь чухал санагдсан. Тэр залуу нэг л бусдаас өөр. Гэхдээ энэ нь чухал биш, би өөрийгөө бас бусдыг өөр өнцөгөөс харж эхэлсэн нь чухал байлаа.
Түүний эхнэр, хүүхдийнхээ зургийг хадгалсан байхыг хараад одоохондоо би өөртөө PAUSE товчоо дарчихаад байна. Гэсэн ч өөрөөсөө өөр хүнийг хайрлаж сураагүй надад шинэ ертөнц мэт л санагдаж байна. Нүдийг минь нээж, сэтгэлийн хар чулууг авч хаяад, өөрийгөө шинээр нээхэд минь тусалсан гэдэгт итгэж байна. Ямартаа ч болзооныхоо урилгыг авсан ч эргэлзэж сууна.
Эцэст нь хүн ямар ч хүнд үеийг туулсан байлаа ч, итгэлийг хүсвэл олж болно. Алдсан ч чамд өгөх хэн нэгэн, хаа нэгтээ байдаг. Яг үнэндээ бид хэзээ ч итгэлээ, хүнийг хайрлах мэдрэмжээ бүр мөсөн алддаггүй. Тэд зүгээр л бидний дотор хаа нэгтээ нуугдсан эсвэл тоосонд дарагдчихсан байдаг. Тиймээс зүрх сэтгэлээ нээлттэй байлгаад үзэх хэрэгтэй гэдгийг ойлгосон доо.
Би нэг ч Валинтинаар хэн нэгэнтэй хамт байж үзээгүй энэ жил ахиад л адилхан байх байх даа. Ямартаа ч сэтгэлээсээ бичсэн захидалыг минь дуусан дуустал уншсанд Гоолингоо найздаа БАЯРЛАЛАА
Редакцийн зурвас:
Өөрийн амьдрал дахь шийдэж чадахгүй байгаа асуултандаа тохирсон хариулт эрж, бидэнд захидал бичин илгээдгийг чинь мэднэ ээ. Гэхдээ чиний хэнээс ч асуулгүйгээр шийдсэн шийдэл ч зөвлөмж зөвлөгөө болж, дотроос чинь гэрэлтэх аз жаргал онлайн найзуудад чинь эрч хүч болж бас нөхрийн чинь жижигхэн хэрнээ хайрыг чинь татдаг зан чанар сайтыг маань нууцхан уншдаг залууст үлгэрлэл болж чадна гэж бодож байсан уу? Найз бүсгүйчүүдийнхээ таарамжгүй байдлыг хэрхэн эвдэж нэгтгэсэн, мөрөөдлийнхөө төлөө өөрийн гараар бүтээсэн боломж чинь, хайрттайгаа хэрхэн гэр бүлээ төлөвлөж байгаа чинь ч гэсэн олон хүнд мэдлэг, урам зориг бэлэглэж чадна. Тийм болохоор өөрийнхөө туршлага, амжилт, амьдралыг бага гэж гололгүйгээр сайн сайхан түүхээ бидэнтэй хуваалцаарай. Илгээх хаяг Goolingoo@gmail.com шүү. Гоолингоо нь чиний урам зоригийг түгээх гүүр нь болж өгье. Чиний Гоолингоо ХОХО.