Сайн байна уу? Амралтын өдрийн мэнд хүргэе.
Энэ өдрийн мэндийг хүргэе. Бид аав ээжийнхээ зааж сургасан олон зүйлийг тухайн үед нь биш сүүлд ойлгодог гэдэгтэй та нар санал нийлэх байх. Би ч мөн адил. Өнөөдөр тэдгээрийн нэг болох, миний хувьд үнэтэй сургамж болж үлдсэн дурсамжуудаас нэгийг нь та бүхэнтэй хуваалцъя гэж бодлоо.
Миний ээж болж л өгвөл ойр дотны хүмүүстээ хамгийн сүүлийн боломжоо хүртэл санал болгож чаддаг, тийм тусч өгөөмөр хүн бий. Би ч ээжтэйгээ адил тусч охин байхыг их хүсдэг, хичээдэг байсан учраас хүнд туслах боломж байвал аль болох л инээмсэглээд гүйгээд очихыг боддог байлаа. Нэг удаа ээжийн найз эгч амралтын өдрүүдээр номын сангаа цэгцлэх том ажил төлөвлөсөн байгаа тухайгаа ярьж байхыг би сонссон юм. Тэр эгч ном сэтгүүл их цуглуулдаг байсан болохоор хэчнээн нүсэр ажил болохыг би гадарлаж байсан. Гэсэн ч түүнийг нь сонссон даруйдаа шууд очиж тусалж болох эсэхийг асуулаа. Надад ч сонирхолтой, эгчид ч туслалцаа хэрэгтэй байсан учраас эгч шууд зөвшөөрөв. Бүх ажил дууссаны дараа “Сайн ажилласанд баярлалаа” гээд надад 10 мянган төгрөг өгсөн нь бүр ч гайхалтай байлаа. 10 настай хүүхдэд 10 мянган төгрөг гэдэг маш их мөнгө байсан нь ойлгомжтой. Тэр мөнгөөр юу хийж болохыг жагсааж бичихэд л бараг бүтэн өдөр болохоор тийм их санагдаж, хүсэж байсан маш олон зүйлээ авч болох боломжтой болсон мэт сэтгэж байлаа би.
Гэтэл орой нь гэртээ харихаар явж байхад аав ээж хоёр маань намайг найзад нь тусалсныхаа хариуд мөнгө авсныг мэдсэн ба үүнийг минь буруу, буцааж өгөөрэй гэж хэлэв. Тухайн үед надад үнэхээр шударга бус санагдаж, Яагаад би хөдөлмөрөө үнэлүүлж болохгүй гэж? Харин ч хүүхдийг багаас нь өөрийгөө үнэлж сургах ёстой гэж багш нар хэлдэг шүү дээ гэж бодон бухимдаж байв. Харин аав ээж хоёр минь тусч хүн байна гэдэг тусалсныхаа хариуд ямар нэгэн юм хүсэхгүй байхын нэр гэдгийг надад ойлгуулахыг оролдож, “Чи өөрөө тусч байхыг хүсдэг хирнээ түүнийхээ хариуд ямар нэг зүйл хүсдэг байж болохгүй. Хэрвээ тэгвэл жинхнээсээ тусалсан биш болно.” гэх мэтээр ярьж хэлж байв. Намайг нас бага болохоор тусч зангаа мөнгөөр сольж болдог юм байна гэсэн буруу ойлголттой болчих вий гэж тэдний маань санаа их зовсон юм билээ. Мэдээж би тэр үед тэднийхээ үгний цаад утгыг сайн ойлгоогүй. Харин хожмын нэг өдөр оройд минь орсон.
Тэр орой болсон явдлаас миний ойлгосон бас нэг зүйл бол зарим нэг сайхан боломж чиний жинхэнэ мөн чанарыг сорьдог бөгөөд тэр үед том боломжид ч бас “үгүй” гэж хэлж чаддаг байх ёстой гэдэг байсан юм. Хэрвээ тэр өдөр аав ээж хоёр минь надад хэлээгүй бол би тусч байхыг биш, өндөр цалинтай ажилтай байхыг, өөрийнхөө жинхэнэ үнэ цэнийг биш, мөнгөөр үнэлэгдсэн үнэ цэнийг эрхэмлэдэг хүн болох байсан ч байж магадгүй юм. Ингээд бодоход энэ үйл явдал надад өөрөөсөө олон асуулт асуухад хүргэж, 10 мянган төгрөгөөс үнэтэй зүйлийг өгсөн. 2012 оны сонгуулиар Goolingoo.mn сайтад нэг сарын дотор 10 сая төгрөгийн үнэлгээтэйгээр эмэгтэй улс төрчийг дэмжих санал ирэхэд, сарын орлого нь 500 000₮ ч хүрдэггүй мөртлөө эерэг өөдрөг, стресгүй байх нийтлэлийн бодлогоо хадгалахын тулд саналаас нь татгалзаж байсан билээ.
Өөрийн замаар, тууштай явах үед боломжууд үргэлж толгой эргүүлдэг. Өндөр цалинтай ажил, богино хугацаанд мөнгө олох төслүүд, бодож үзээгүй сайхан боломжууд мөрөөдлөөс чинь холдуулж нэг мэдэхэд сэтгэлийг чинь догдлуулж байсан зүйлээсээ огт өөрийг хийчихсэн байх тохиолдол цөөнгүй. Заримдаа бидэнд татгалзахын аргагүй боломж гарч ирдэг бөгөөд хэрвээ түүнийг шүүрч аваад хийчихвэл жинхэнэ өөрийгөө үгүй хийх, өөрт байгаа үнэ цэнэтэй зүйлээ золиослох бол “үгүй” гэж хэлэх зоригтой байх хэрэгтэй. Энэ долоо хоногт өөрийн жинхэнэ хүсэл мөрөөдлийн тухай бодож түүнийг чинь бүдгэрүүлдэг боломжуудад “үгүй” гэж хэлэх тухай эргэцүүлэн бодоорой.